sonin.mn

БЭЭЖИН. /Yonhap/. Хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтооход их хувь нэмэр оруулсан Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир таалал төгссөнд манай улс харамсдаг гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Цинь Ган мэдэгдлээ.

Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш гурван жил өнгөрч байгааг өчигдөр умард солонгосчууд дурсан санасан юм. Үүнтэй холбогдуулан Цинь Ган хэвлэл, мэдээллийнхэнд ингэж хэлсэн байна.

Хоёр улсын удирдагч нар захидал солилцсон эсэхийг асуухад БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч “Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшань Бээжин дэх Умард Солонгосын ЭСЯ-тай утсаар холбогдон эмгэнэл илэрхийлсэн” гэжээ.

Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Умард Солонгостой уламжлалт, найрсаг харилцаагаа улам бэхжүүлнэ гэж БНХАУ найдаж байгааг тэрбээр мөн хэлсэн аж. Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш хоёр улсын харилцаа суларсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: