sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. Хагас зуун жилийн дайсагналдаа цэг тавих зорилгоор дипломат харилцаагаа хэвийн болгохын тулд Кубатай манай улс ойрын хугацаанд яриа хэлцээ хийж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Барак Обама лхагва гарагт Цагаан ордонд мэдэгдэл  хийхдээ ингэж хэлжээ.

Түүний хэлснээр, АНУ Куба руу чиглэсэн 50 гаруй жил баримталсан бодлогоо урьд байгаагүйгээр өөрчилж, хоцрогдсон арга барилаа төгсгөл болгох аж.

Ийм өөрчлөлт хийх замаар америк үндэстнүүдийн улсууд дунд нэгэн шинэ үеийг эхлүүлэхийг АНУ зорьж байна.

Мөн ойрын хэдэн сарын дотор Кубын нийслэл Гавана хотод манай улс ЭСЯ-аа нээнэ гэж АНУ-ын албаны хүмүүс хэллээ. Куба руу аялах болон мөнгөн шилжүүлэг хийхийг хязгаарласнаа АНУ зөөллөх ажээ.

Мөн Куба руу бараа бүтээгдэхүүн, тухайлбал барилгын материал, гар утас экспортлохыг хориглосноо Обамагийн засаг захиргаа хэсэгчлэн цуцлах төлөвлөгөөтэй байна.

Уржигдар Кубын Ерөнхийлөгч Раул Кастротой утсаар ярьснаа Обама хэлсэн юм.

Мөн түүний мэдэгдсэнээр, Кубын гурван туршуулыг АНУ сулласан бол, АНУ-ын баривчлагдсан хоёр иргэнийг Куба суллажээ.

Социалист хувьсгал гарсантай холбогдуулан 1961 онд Кубатай АНУ дипломат харилцаагаа тасалсан юм.

Тэр цагаас хойш Кубатай АНУ зөрчилдөөнтэй байсаар ирсэн билээ. Кубад АНУ 50 гаруй жил эдийн засгийн хориг арга хэмжээ авсан хэвээр байгаа юм.

Харин  өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушийн Кубыг барих бодлогыг Барак Обама эргэн харах замаар хориг арга хэмжээг зөөллөхөөр ажиллаж байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, ерөнхийлөгчийн суудлаа өгөхөд ердөө хоёр гаруй жил үлдсэн Обама ардчилсан улс болохыг Кубад уриалж, харилцаагаа хэвийн болгохыг хүсч байна.

Гэхдээ Обамагийн шийдвэрт  Конгрессын гишүүдийн зарим нь дургүйцэж байна. Учир нь тэд Кубыг терроризмыг хөхүүлэн дэмжигч улс гэж үзэж байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: