sonin.mn

БРЮССЕЛЬ. /Prensa Latina/. Палестины лалын “ХАМАС” хөдөлгөөнийг террорист бүлэглэлүүдийн жагсаалтаас Европын Холбоо  /ЕХ/ хасах хэрэгтэй гэсэн шийдвэрийг ЕХ-ны шүүх гаргажээ.

Газын зурваст төвтэй лалын тус хөдөлгөөн зарга мэдүүлсэнтэй холбоотойгоор ЕХ-ны шүүх лхагва гарагт ийм шийдвэр гаргасан байна.

Уг шийдвэрт “Эрх бүхий байгууллагуудын санаа бодлыг авч үзэлгүйгээр зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон интернэтэд тулгуурлан “ХАМАС”-ыг ЕХ террорист бүлэглэлүүдийн жагсаалтад оруулсан” гэжээ.

ЕХ нь дэлхий даяар буй хэт давруу үзэлтнүүдийн байгууллагуудыг террорист бүлэглэлээр нэрлэж, гишүүн улсуудад нь буй тэдгээрийн дансыг хаасан билээ.

Энэ шийдвэртэй холбогдуулан давж заалдах хоёр сарын хугацаа ЕХ-нд байна. Тус холбоо гишүүн улсуудынхаа гадаад харилцааны сайд нарын уулзалтын үеэр энэ асуудлыг авч хэлэлцэх төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, хэрвээ ЕХ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, “ХАМАС”-ыг уг жагсаалтаас хасвал Израиль эрс эсэргүүцсэн хариу үйлдэл үзүүлж магадгүй.

Г.Доржханд

Эх сурвалж: