sonin.mn

Төрийн ордны Их танхимд өнөөдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн боллоо. Их танхимд багтаагүй зочид Төрийн ордны хуралдааны А танхим, Иргэний танхимаас зөвлөгөөний үйл явцыг дэлгэцээр харав. Эндээс Шилэн дансны тухай хууль олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь харагдаж байлаа.

“Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар хөтлөн явуулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвлөгөөнийг нээж хэлэхдээ “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

 Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд ээ,

 Энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай, ноёд оо


Юуны урьд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Ухаалаг төр рүү шилжих” бодлогын хүрээнд санаачилж, УИХ-аар батлуулсан "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”  сэдэвт зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өглөөний түмэн амар амгаланг айлтгаж,  талархал илэрхийлье.

Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Зарлиг гаргасан боловч обьектив, сүбьектив хүчин зүйл, шалтгааны улмаас хэрэгжихэд бэрхшээл тулгарсан тул Шилэн дансны тогтолцоонд шилжих ажлыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажлыг шуурхайлуулсан түүхтэй.

Том үйл хэргийг бүтээхэд амаргүй байдгийн адил Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахад ч олон даваа давсан. Шилэн дансны тухай хуулийн анхны төслийг УИХ хууль санаачлагчид нь буцааж байсан ч гэлээ дахин өргөн барьснаар нь хэлэлцэн баталсанд гүнээ талархах учиртай.

Энэ хуулийн төслийн талаар хэвлэл мэдээллээр олон удаа, түүний дотор Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, олон хүний хүч хөдөлмөр, санаа бодлыг шингээсэн юм. Зөвхөн news.mnсайтад орж, “шилэн данс” гэсэн хайлт хийхэд 1655 илэрц олдож байгаа нь Шилэн дансны тухай хуулийг нийгэм хэрхэн шүүн хэлэлцснийг нотлох нэг л жишээ.

 Шилэн дансны тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан бөгөөд Монголд шинэ олон өөрчлөлтүүдийг авчрах онцгой ач холбогдолтой хууль учраас түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад зориулж хагас жилийн хугацаа олгосон. Одоо Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлджээ.

Ирж айсуй 2015 он бол Монголын төр засаг татвар төлөгч, нийт иргэдийнхээ өмнө төсөв санхүү, данс тооцоогоо ил, тод, нээлттэй болгож, иргэдийнхээ шууд хараа хяналтан дор хөрөнгө мөнгөө захиран зарцуулах болж байгаагаараа түүхэн үйл явдлын жил байх болно.

Төр, засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компани, байгууллага бүгд таван сая төгрөгөөс дээшхи гүйлгээ, бас ирээдүйд өрийн дарамт үүсгэж болзошгүй зээл, санхүүгийн баталгаатай холбоотой шийдвэрээ олон нийтэд заавал мэдээлдэг, бас бүртгүүлж байж хүчин төгөлдөр болдог  болно.  

Энэхүү хууль амьдралд мөрдөгдөж, хэрэгжсэнээр төсвийн сахилга сайжирч, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний өдөр тутмын хараа хяналтад орно. Ингэснээр зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан буруу замаар будаа тээх боломж ч эрс хумигдана. Энэ хэрээр эдийн засаг, хөрөнгө, санхүү, авлигатай холбоотой гэмт хэрэг, зөрчил ч эрс буурна гэж үзэж байна. Товчдоо,Монголын нийгэмд ужгирч, хуримтлагдсан олон асуудал шийдлээ олж, цэгцэрнэ гэдэгт итгэж байна.

Энэ утгаараа Шилэн дансны тухай хууль бол хувь хүн, албан тушаалтан, улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн амин чухал хууль юм. Шилэн дансны тухай хууль чанд мөрдөгдснөөр шийдвэр гаргагчид хариуцлагжиж, ёстой л долоо хэмжиж, нэг огтолдог болсноор төрд итгэх түмэн олны итгэл сэргэнэ. Хөрөнгө оруулалтын орчин сайжирч, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн итгэлийг олоход ч тустай болно гэдэгт итгэж байна.

Шилэн дансны тухай хуулийн талаар явуулж буй Цахим санал асуулгын  дүнг үзэхэд өчигдөр оройны байдлаар санал өгсөн хүмүүсийн 92,6 хувь нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг дэмжихээ илэрхийлсэн нь энэ хуулийн  хэрэгжилтээс  манай нийгэм ямар их өндөр хүлээлттэй байгааг харуулж байна.

Энэхүү Зөвлөгөөний Танхимд Монгол Улсын ЕТГ, УИХ-ын Тамгын газар, түүний харьяа байгууллагууд, Засгийн газрын ХЭГ, яам, агентлагууд, Төрийн өмчийн хороо, төрийн өмчит компаниуд, Нийслэлийн болон дүүргийн ЗДТГ, сургууль, цэцэрлэг, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, агентлагууд, Нийслэлийн болон дүүргийн Иргэдийн төлөлөгчдийн Хурал, шүүх, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Бизнесийн зөвлөл, Банкны холбоо, Эдийн засгийн форум, Нээлттэй Нийгэм форум зэрэг төрийн бус байгууллага, Олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, их дээд сургууль, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг байгууллагуудын нийт мянга гаруй төлөөлөгчид хуран цуглараад байна.

Том төрөөс ухааалаг төр рүү шилжих бодлогын хүрээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Монгол Улсын Засгийн газар олон чухал үүрэг хүлээсэн. Мөн Аудит, захиргааны шүүхээс гадна иргэдийн хяналт, оролцоо чухал үүрэгтэй байх юм” гэлээ.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар илтгэл хэлэлцүүллээ.

Тэдний хэлсэн үг, илтгэлийг бүрэн эхээр нь хүргэнэ.