sonin.mn

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийж, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах долоон дэд сайдаа танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МАН-ынхан долоон дэд сайдаа сонгохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хүмүүсийн нэр дэвших эрхийг нь хүндэтгэсэн гэнэ. Дэд сайдад 39 хүн өрсөлдөж сонгон шалгаруулалт хийхдээ шударга чанар болон ажлын туршлага, мэдлэг боловсрол, өнгөрсөн жилүүдэд намынхаа төлөө хийж ирсэн ажлууд зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтийг гол болгож дэд сайдуудаа тодруулжээ.

Мөн намын удирдлагуудын зүгээс дэд сайдад нэр дэвшигчдэдээ “Хэрэв дэд сайдад нэр дэвшсэн л бол төрийн нарийн бичиг, агентлаг, газрын дарга гарын албан тушаалд өрсөлдөхгүй” гэдгийг мэдэгдсэн байна.

Дэд сайд болох хүсэлтийг хамгийн ихээр илгээсэн яам нь Аж үйлдвэр болон Хөдөө аж ахуйн яам байжээ. Эдгээр яамд нэр дэвшсэн гурван хүний санал тэнцсэн учраас намын дарга М.Энхболд өөрийн бүрэн эрхийн хүрээнд эцсийн сонголтыг хийсэн гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.

Эх сурвалж: