sonin.mn

ТОКИО. /Kyodo/. Японд энэ он гарснаас хойш очсон жуулчдын тоо 12 сая давжээ. Энэ нь иенийн ханш суларсантай холбоотой аж.

Японы Үндэсний аялал, жуулчлалын байгууллагын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, дан ганц өнгөрсөн сард л гэхэд тус улсад 1,17 сая орчим хүн очжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 орчим хувиар давсан үзүүлэлт юм.

Энэ оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Японд очсон жуулчдын тоо 12,2 сая орчим болж нэмэгдсэн байна. Тус улсын Засгийн газар 1964 онд мэдээлэл цуглуулж эхэлснээс хойш ийм олон жуулчин тус улсад нэг жилд очиж байгаагүй гэнэ.

Зүүн Өмнөд Азийн улсуудын иргэдэд визийн журмыг хөнгөвчилсөн нь жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл юм. Үүнээс гадна энэ оны 10 дугаар сараас хойш дэлгүүрүүд жуулчдад зориулан татваргүй олон бараа бүтээгдэхүүн худалдах болсон нь ч жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлжээ.

Оны эцэс гэхэд жуулчдын тоо 13 сая давж магадгүй гэж Японы аялал, жуулчлалын салбарын албаны хүмүүс үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: