sonin.mn

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, олонхийн санлаар дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүн Х.Болорчулуун асуулт асуув.

- МАН Засагт орохдоо өрийн хэмжээг нэмэхгүй байхаар тохирсон гэж байсан. Гадаад, дотоод зээл, Засгийн газрын баталгаа нийлээд найман их наяд буюу ДНБ-ний 40 хувь давсан.

Ер нь Засгийн газрын бондыг хэн худалдаж авах вэ. Арилжааны банкуудын найдваргүй зээл 400 тэрбум төгрөг давлаа. Энэ бондыг Монголбанк л авах юм бишүү. Өрийн хэмжээг яагаад нэмэгдүүлж байна вэ?


Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Бондын асуудал өрийн хэмжээнд нөлөөлөхгүй. Өмнө нь гаргасан Засгийн газрын бондын хөрөнгийг төлөх хугацаа болсон. Тэгэхээр өмнөх өрөө дарахын тулд дахин бонд гаргаж байгаа юм. Бонд авах хүн цөөхөн байна.

Цаашдаа төсвийн алдагдлыг бондоор барихгүй байх бодлого  барьж 2015 оны төсвийг боловсруулж байгаа. Орлогын төлөвлөлтийг хийж байсан өмнөх жишгүүд их хөөсөрсөн, бодит бус байсан. Бид хэт хөөсөрсөн төсөв баталж байсан учраас одоогийн төслүүдээ санхүүжүүлж чадахгүй байгаа юм. Эдийн засгийн өсөлт төсөвт нөлөөлж чадахгүй байна.

Энэ байдлыг залруулахын тулд 2015 төсвийн тодотгол дээр их өөрчлөлт оруулах болно. Өмнө нь Шударга ёс эсвэл болон АН гэсэн Засгийн газар байсан. Сүүлд нь МАН нэмэгдсэн. Одоо бүгд нийлээд хүндрэлийг давахаар ажиллаж байна.

Үүний дараа Засгийн газрын үнэт цаасийг гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад чуулганд суусан 41 гишүүнээс 30 нь зөвшөөрч 73.2 хувийн саналаар дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг