sonin.mn

1.    “Эбола” вирус
Энэ оны гуравдугаар сард үхлийн аюултай “Эбола” вирус Баруун Африкт дэгдэж эхэлснээс хойш Сьерра-Леонд халдвар авсан хамгийн олон буюу 7780 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхий даяар уг вирусийн халдвар авсан 18500 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс Баруун Африкийн  Сьерра-Леон, Либери, Гвиней гэсэн гурван улсад 6300 гаруй хүн нас баржээ. Энэ өвчний вакцин болон эм хараахан гараагүй байна.


2.    Крымыг тойрсон маргаан
Украины нийслэл Киев хотын төвд болсон сөрөг хүчнийхэн, цагдаа нар хоорондын мөргөлдөөн тус улсад төрийн эргэлт болж, Крымын бүс нутаг ОХУ-ын бүрэлдэхүүнд шилжиж, Украины зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн болоход хүргэсэн. Энэ үйл явдлын улмаас ОХУ-д АНУ, ЕХ болон бусад холбоотон улс хориг арга хэмжээ авч, ОХУ мөн хариу хориг арга хэмжээ авсан билээ.

3.    Учир битүүлэг ослууд
Малайзын иргэний агаарын тээврийн “Boeing 777—200” нисэх онгоц Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисч явахдаа радарын дэлгэцнээс алга болж, уг онгоцны 227 зорчигч, багийн 12 гишүүнийг амь үрэгдсэнд тооцсон. Үүний дараа Амстердам-Куала-Лумпурын чиглэлд нислэг үйлдэж явсан Малайзын иргэний агаарын тээврийн “Boeing 777” нисэх онгоцыг Украины нутаг дэвсгэрт газар-агаар ангиллын пуужин харваж унагасны улмаас  онгоцонд явсан 298 хүн бүгд амь үрэгджээ.

4.    “Тогтвортой эрх чөлөө”
2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Афганистанд  АНУ тэргүүтэй эвслийн явуулсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны цэргийн үе шат АНУ, Их Британи цэргээ гаргаснаар албан ёсоор дууслаа. Эвслийн цэргүүдийг энэ онд багтаан тус улсаас гаргахаар бэлдэж байна. Афганистаны Зэвсэгт хүчнийг дэмжих ажиллагаа 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.  

5.    “Лалын халифт улс”
Ирак, Сирид хяналтдаа авсан нутаг дэвсгэртээ “Лалын халифт улс” байгуулснаа зарласан “Лалын улс”-ын босогчид илүү идэвхтэй ажиллагаа явуулж байна. Холбоотон хэд хэдэн улсынхаа дэмжлэгтэйгээр АНУ Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд агаараас цохилт өгч байна. АНУ тэргүүтэй Иракт агаараас цохилт өгөх эвсэлд Австрали, Бельги, Канад, Дани, Франц, Нидерланд, Их Британи улс нэгдсэн бол  АНУ, Бахрейн, Иордан, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс Сири дэх бүлэглэлийн байрлалуудад агаараас цохилт өгч байна.

6.    Өвлийн олимп
Өвлийн олимпын XXII наадам ОХУ-ын Сочи хотноо болж, 88 орны 2871 тамирчин спортын 15 төрлөөр 98 багц медалийн төлөө өрсөлдлөө. ОХУ-ын баг тамирчид 13 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж наадмыг тэргүүлжээ.

7.    Хөл бөмбөгийн ДАШТ
Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах ХХ тэмцээн Бразилд болж, Германы шигшээ баг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болов.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг