sonin.mn

Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Я.Соронзонболдтой ярилцлаа.

-Зам, тээврийн осол өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар зам, тээврийн хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо харьцангуй нэмэгдсэн гэсэн?

Энэ оны эхний 12 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25766 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам, тээврийн осол гаргасан 909 тохиолдол бүртгэгдсэн. Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 138 хүн зам, тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

-Албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэссэн гэнэ. Энэ талаар тодруулна уу?

-Арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 5801 зам, тээврийн ослын дуудлага Замын цагдаагийн газарт ирсэн байна. Өнгөрсөн онд 5240 дуудлага ирж байсан. Гэтэл хэдхэн хоногийн дотор ослын дуудлага харьцангуй өссөн байгаа юм. Таван хүн амь насаа алдсан.

Тиймээс иргэд замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримтлах хэрэгтэй байна. Шинэ жилийн баяр ойртож байгаа өдрүүдэд байгууллага, аж ахуйн нэгжүүд жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэдэг. Баяр хавтгайрч, хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь энэ сард эрс ихэсч байна. Тиймээс иргэд баяраа тэмдэглэчихээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах хэрэгтэй. Шинэ жилийн баярыг зохион байгуулж буй байгууллагын удирдлагууд ч эл асуудалд анхаарал хандуулмаар байна.

Гэртээ яаж харих вэ гэдэгт анхаарал хандуулахгүйгээс болж согтуу хүмүүс зам, тээврийн осолд орох, тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад гэмт хэргийн золиос болдог.

-Тэгэхээр энэ сард гарсан зам, тээврийн ослын дийлэнх хэсгийг согтуу жолооч нар гаргасан гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Ер нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс болж осол гардаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бусдад эд материалын хохирол учруулахаас гадна хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулдаг.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан орос залуу нэг хүний аминд хүрч дөрвөн хүнийг хүнд бэртээсэн хэрэг гарсан. Зарим сайтаар жолоо барих эрхгүй байсан гэж мэдээлж байна. Тодорхой мэдээлэл өгнө үү?

-Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутагт дэвсгэр зам, тээврийн осол гарсан. 22-ын товчооны замд зогсч байсан “Тоёота фиёлтер”, “Тоёота платз” маркийн автомашиныг ОХУ-ын иргэн А согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөргөснөөс нэг хүний амь нас эрсдэж, дөрвөн хүн хүнд гэмтсэн аймшигт осол гарлаа. А нь тухайн үед ямар ч бичиг баримтгүй 1.86 хувийн согтуурлын зэрэгтэй байсан. Хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.

-Шинэ жил дөхөөд зам, тээврийн осол их гардаг гэлээ. Танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Урьдчилан сэргийлэхээр зохион байгуулж байгаа ажлынхаа талаар?

-Монголчууд шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Цагдаагийн албан хаагчид баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж, гудамж, зам, талбайг хянадаг. Согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодох зөрчлийг таслан зогсоож, илрүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Гадны улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осол гаргаж, хүний амь насыг хохироосон бол жолоо барих эрхийг насаар нь хорих болон торгуулийн хэмжээ ч өндөр байдаг.

Манай улсад зам тээврийн ослоор хүний амь насыг хохироосон жолоочийн хэрэг шат шатандаа хэрхэн шийдэгддэг юм бол. Хэрэг гарлаа гэдэг ч хэрхэн шийдэгддэг нь олон нийтэд ил гардаггүй. Тэгэхээр дээд тал нь хэдэн жилийн ял авдаг вэ?


-Манай улсад мөрдөж байгаа хууль 1992 онд батлагдсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон этгээд нь жолоодох эрхийн үнэмлэхтэй бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 гэсэн заалтын дагуу жолоо барих эрхийг нь 6-2 жил хүртэлх хугацаанд хасдаг.

Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулчихсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл дахин жолоодож яваад журамлагдсан тохиолдолд 7-30 хоног шүүхээр баривчлуулдаг. Хэргийг шүүхээр шийдэж ялын хэмжээг тогтооно. Зөрчлийн тухай хууль ирэх хаврын чуулганаар батлагдах байх гэж бодож байна. Энэ хуульд тодорхой заалтуудыг тусгасан байгаа.

-Жолооч нарыг ажиглаж байхад 1000-10000 төгрөгөөр торгуулахыг тоодоггүй юм шиг санагддаг. Магадгүй, өндөр үнээр торговол замын хөдөлгөөний дүрмээ баримтлах байх. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн бол 1000-10000 төгрөгөөр торгож байгаа. Энэ хууль 20 жилийн өмнө батлагдсан. Хорин жилийн өмнө хүмүүсийн авдаг цалин хэд байлаа. Гучин мянган төгрөгийн цалин авдаг хүний 10 мянган төгрөгийг нь дүрэм зөрчлөө гээд торгуульд авдаг байсан.

Энэ нь тухайн үед өндөр хэмжээний торгууль байсан учраас хүмүүс замын хөдөлгөөний дүрмийг тэр бүр зөрчдөггүй байлаа. Харин одоо иргэдийн авч байгаа цалин өндөр учир торгуулсан ч тоохгүй байгаа.

Нэг үгээр хэлэхэд, иргэдэд торгуулийн хэмжээ нөлөөлөхгүй байна. Тиймээс Зөрчлийн тухай хуульд тодорхой заалт оруулна. Хурд хэтрүүлбэл тэд эгнээ байраа эзлээгүй бол төд гэхмэтчилэн тодорхой зааж өгнө. Төдөөс төдөн төгрөгийн хооронд торгоно гэдэг юм байхгүй болно.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: