sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Бээжин санхүүгийн шууд хөрөнгө оруулах саналыг Москвад тавих нь юу л бол. Гэхдээ  Оросын  эдийн засгийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг Бээжингийн эрх баригчид эрчимжүүлнэ гэж Хонконгийн “South China Morning Post” сонинд бичиж байна.

ОХУ-ын эдийн засгийн байдал дордох нь олон улсын тавцанд хоёр орны нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор тус улстай хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэх гэж буй Хятадад нөлөөлнө гэж тус сонин тэмдэглэж байна.

“Хятад болон Орос хэд хэдэн томоохон гэрээ байгуулан харилцаагаа шинэ шатанд гаргахаар бэлдэж байна. Тухайлбал, 2019 оноос эхлэн Хятадад жилд 38 тэрбум шоометр хий нийлүүлэх тухай гэрээ байгуулсан билээ. Хоёр орны компаниуд хий дамжуулах хоолой тавих талаар хэлэлцээ хийж эхэлснийг” тус сонин сануулж байна.

Хямралыг бие даан давах хүч, бололцоо ОХУ-д хангалттай бий гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Цинь Ган мэдэгджээ.

Хэрэв  ОХУ-д төслүүдээ хэрэгжүүлж дуусахад эдийн засгийн асуудлууд саад болбол Хятад улс хохирно. Үүнээс зайлсхийхийн тулд Хятад Оросын түншүүддээ хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн байх болно гэж шинжээчид ярьцгааж байна.

“Асуудлууд хий нийлүүлэхэд нөлөөлж болзошгүй бөгөөд энэ төсөлд Хятадын хөрөнгө оруулалт илүү шаардлагатай болох мөчийг урьдаас мэдэхийн тулд тус улсын эрх баригчид байдлыг анхааралтай ажиглана” гэж Москва хот дахь Хятадын Элчин сайдын яамны атташе асан Ван Хайюнь тус хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Оросын эдийн засгийн уналт олон улсын тавцан дахь Хятадын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдэгт Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академийн шинжээч Ли Лифан итгэлтэй байна.

Оросын санхүүгийн хямралд Хятад сэтгэл зовниж байгаа бөгөөд тус улсын Алс Дорнодыг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг Бээжингийн багшийн их сургуулийн өөр нэг шинжээч Ли Син ажиж мэджээ гэж “South China Morning Post” сонинд бичсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: