sonin.mn

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ромын Пап, Гэгээн Хутагт Францис-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд В.Пүрэвдорж Гэгээн Хутагт Францис-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Гэгээн Хутагт Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг талархан хүлээн авч Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд В.Пүрэвдоржийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга буюу Засгийн газрын тэргүүн, Ширээт лам Пиетро Паролин, Засгийн газрын дэд тэргүүн Жиованни Анжело Бечиү, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Доминик Мамберти нар хүлээн авч уулзаж, Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дээрх уулзалтаар Гэгээн Ширээт Улсын төр, засгийн тэргүүн нар Монголын Эзэнт гүрний түүхэн баримт, эх сурвалжуудыг Ватиканы Архив, Номын сангаас олж тогтоох чиглэлээр судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголд эх, нялхсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах үүднээс эмч нарыг давтан сургах болон олон улсын хүмүүнлэгийн асуудал, хүний эрхийн эрх зүйн чиглэлээр залуу боловсон хүчнийг ватиканы талын зардлаар богино хугацааны сургалтад хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.

Түүнчлэн дэлхий дахинаа тулгамдаад буй хүмүүнлэгийн асуудлуудаар олон улсын тавцанд хамтран ажиллах боломжтой гэдгийг хоёр тал тэмдэглэв.