sonin.mn

Монголын үндэсний эрх челөөний хөдөлгөөн нь Чин улсын захиргаанд байгаа бүх нутгаа чөлөөлж, Ар Монголоор төвлөсөн үндэсний нэгдсэн улсаа байгуулах чиглэлээр улам гүнзгийрч байлаа. Нэгэнт төрийн тусгаар тогтнолоо тунхагласан Монгол Улсын давын өмнө биелүүлэх зорилго нь Ар, Өвөр ба Барга, Дарьганга, Хөх нуур, Алашаа, Или Тарвагатайн монголчуудын бүх нутгийг хяналтдаа оруулах, тэгэхдээ Хятадын өмнөд нутагт тулгар тогтсон бүгд найрамдах засгийн газар ба бусад олон улсаар тусгаар тогтнолоо хүлээлгэн зөвшөөрүүлэх явдал байлаа.

Олноо өргөгдсөний хоёрдугаар [1912] оны долоо дугаар сард сайн ноён хан Намнансүрэн, дотоод зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамны сайд буюу ерөнхий сайдаар томилогджээ.

Тэр үед яаралтай цэрэг бэлтгэж, орчин үеийн буу зэвсэг эзэмшүүлэх шаардлагатай байсан тул Орос улсаас цэргийн сурагч урьж, морьт цэрэг сурган боловсруулах ажлыг яаралтай зохиов. Манж, Хятадын харгис этгээд Халх Монгол дахь Чин улсын захиргааны сүүлчийн үүр болсон Ховдын хязгаарыг Монгол улсын захиргаанд оруулахгүй байхын тулд Бээжинд, Монгол, Түвдийн хэрэг эрхлэх товчоонд алба хааж байсан Палта ванг Алтайн хязгаарын захирагчаар томилж, баруун монгол ноёд хийгээд ард олон Ар Монголтой хамтрахыг хориглох явуулга хийлгэх болов.

Түүгээр дамжуулан Дөрвөдийн Далай Хан Галсаннамжилыг Халхыг бүү дага хэмээн ятгуулж байжээ. Гэтэл 1912 оны зун Дөрвөд аймаг хүрээний засгийн газарт харьяалагдах хүслээ илэрхийлж албан бичиг ирүүлснээс гадна баруун хязгаараас Дөрвөдийн 16 хошуу, Захчин гурван хошуу, Алтай, Урианхай, Торгууд, Өөлд, Мянгад, Хасаг, Чахар зэрэг бусад ястнууд удаа дараалан дагаар ирж Монгол улсын харьяат болсон билээ.

Магсаржав, Дамдинсүрэн нар Ховдыг чөлөөлөхийн төлөө тулалдаанаа анх эхэлж бүслээд Синьцзяны зүгээс Ховдод туслахаар ирсэн цэрэг ба хотын дотроос ихээхэн эсэргүүцэлтэй даруй 3 сар тулалдаж ҮШ сарын 5-ны шөнө бүх монгол цэргийн хүчээр Ховд хотод 4 зүгээс нь дайран орсон байна.

Тэгэхэд монгол цэрэг нь халх, барга, цахар, урианхай, торгууд, дөрвөд зэрэг олон угсаатны цэргээс бүрдэж байсан бөгөөд Магсаржав, Дамдинсүрэн, Тогтох, Хайсан, Дамбийжанцан, Дамдйнбазар нарын зэрэг жанжин, сайд, санваартны төлөөлөгч зэрэг монголын өөр угсаатны зүтгэлтнүүд удирдан зохион байгуулж, хамтын хүчээр тулалдсаар ҮШ сарын 7-нд Ховд хотыг бүрэн чөлөөлж, Монгол улс Ар Монголын нутгийг Манж-Хятадын захиргаанаас шуурхай чөлөөлж, байсан нь бусад монголчуудад зоригжуулах жишээ болж байлаа.

Монголын 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг судлаачдын олонхи нь үүгээр монголын эрх чөлөөний хөдөлгөөн дууссан гэж үзэж байгаа учраас “1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” гэж бичиж байв. Гэвч ингэж үзэх нь учир дутагдалтай юм.

Тэр үеийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнтэй холбогдолтой бичиг баримт, тухайлбал: Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар, Монголын засгийн газраас гаргаж байсан уриа, тунхаг, Өвөр Монголын чуулган, хошуудаас Их Хүрээтэй харилцсан албан бичиг зэргээс үзэхэд Чин улсын ноёрхол дахь бүх монголчууд үндэсний тусгаар тогтносон нэгдмэл улсаа байгуулахын төлөө тэмцэж байв.

1912 оны Ү1 сарын 25-нд Орос, Япон хоёр улсын байгуулсан энэхүү нууц гэрээний хоёрдугаар зүйлд заахдаа: “Өвөр Монголын Бээжингийн уртраг [Гринвичээс зүүн тийших өргөрөг 116 градус 27]-ийн зүүн баруун хоёр хэсэгг хуваагдана.

Оросын эзэн хааны засгийн газар нь дээр дурдсан уртрагаас зүүн тийш орших Өвөр Монголын хэсэг дэх Японы тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ. Японы эзэн хааны засгийн газар нь дурдсан уртрагаас баруун тийш оршдог Өвөр Монголын хэсэгт Оросын тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ” гэжээ.

Өвөр монголчууд Ар Монголтойгоо нэгдэж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх гэсэн хөдөлгөөн ид өрнөж байхад түүнийг хязгаарлах талаар хүчирхэг улсууд хоорондоо ингэж сэм үгсэж байжээ. Хаант Орос улс Японтой ийнхүү нууц гэрээ байгуулсныгаа ДИУ-ын засгийн газраар Монгол дахь өөрийн ашиг сонирхлыг зөвшөөрүүлэх, нөгөө талаар Японтой байгуулсан нууц гэрээг зөрчилгүйгээр ар монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжсэн дүр үзүүлж түүнийг Хятадтай нэгдүүлэхгүй, мөн Хятадаас бүрмөсөн тусгаарлуулахгүй байлгах бодлого явуулж байв.

1912 оны X сарын 29-нд Харбин хотод байгаа гадаад улсуудын консулаар дамжуулан Англи, Франц, Герман, АНУ, Япон, Дани, Голланд, Бельги, Австри зэрэг 9 улсын засгийн газарт явуулсан бичиг боловч нэг ч улсаас хариу ирсэнгүй. Орос улсын төлөөлөгч И. Я. Коростовец Монгол, Оросын хэлэлцээнд өөрийн авч ирсэн төслийг зөвшөөрүүлэхийн тулд түрэмгий шахалт хийхийн зэрэгцээгээр Хятадын үлэмжхэн цэрэг Ховд, Алтайн замаар ирж байна.

Манай төслийг зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол бид танайд тусалж чадахгүй гэж сүрдүүлэн мэхэлж, уг хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зуруулжээ. Орос улс өөрийн бодлогыг Монголд тулган хүлээлгэж XI сарын 2-нд дөрвөн зүйл бүхий хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Оросын тал Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийв.

Монголтой байгуулсан энэ хэлэлцээрээ ДИУ (Дундад иргэн улс)-аар зөвшөөрүүлэх явдал Орос улсын ээлжит зорилт нь болов. Иймээс төдхөн Орос, Хятадын хооронд хэлэлцээ эхэлсэн ажээ. Орос улсаас ийнхүү өөртөө засах төдий амлалт авсандаа Монголын эрх баригчдын урам нь хугарч, өөр түшиг хайхад хүрчээ.

Монголын засгийн газар Японтой шууд хэлэлцээ хийж Ар, Өвөр Монголыг нэгтгэн бүрэн тусгаар тогтносон улс болох гэсэн оролдлогоо дэмжүүлэхийг оролдсон боловч хаант Орос улс монголчууд Японтой ойртох бүх боломжийг хаасан учраас уг оролдлого амжилт олсонгүй.

1912 оны шувтаргаар Гадаад яамны тэргүүн сайд Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Монгол улсын хил хязгаарын тухай асуудал болон Орос улсаас зээлж зэвсэг авах асуудлаар хэлэлцээ хийхийн тулд Петербургт очсон байна.

Монгол улс Өвөр Монголыг чөлөөлөх цэрэг хөдөлгөхөөр бэлтгэж байгааг Оросын тал мэдсэн учраас “...Монгол нийтэд зовлон дэгдээх цэрэг үүсгэхэд манай засгийн газраас буу зэвсэг, мөнгө тусалж үл чадна” гэж Японтой нууц гэрээ байгуулж, нөлөөний хүрээгээ хуваарилснаа ягштал баримталж татгалзсан учраас Монголын төлөөлөгчид аргагүйн эрхэнд буулт хийж, зөвхөн Ховдын хязгаарыг өөртөө нэгтгэхийг Орос улсаар зөвшөөрүүлжээ.

Хятадын засгийн газар Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дарахын тулд 1912 оны зун үлэмжхэн цэргийг Чуулалт хаалга, Бат хаалга, Долон нуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар анги хуваан түлхэн оруулав. Хятадын цэрэг орсон газар бүхнээ түйвээж эхлэв.

Өвөр монголчууд энэ мэтийн гашуун зовлонгоо Монгол улсын засгийн газарт мэдэгдэж, Хятадын харгис цэргийн эрхтнээс чөлөөлж авахыг гуйсан айлтгал, өргөдөл өдий төдийг ирүүлэх болжээ. Зарим нь шууд цэрэг зэвсгийн хүчээр чөлөөлж нэгггэхийг гуйж байлаа.

Иймд Монгол улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Олноо өргөгдсөний 2-р оны өвлийн сүүл сарын 18 [1913 оны I сарын 24]-нд хаанд өргөсөн айлтгалдаа газар орныг хамгаалан сэргийлэн бэлтгэх баатар мэргэн цэрэг, хурц зэвсэг олгуулахыг эрж бичиг захидал хүргэж ирсэн” гэж өвөр монголчууд тусламж гуйж байгааг дурдаад: “... энэ завсар Хятад цэрэг улмаар янагш давшин хандаж буй хэмээх тул зүй нь бүхий олон газрын түшмэл зэргээс бүгд таван зам хуваан мордуулваас зохих" учрыг илтгэн, таван чиглэлд хэн хэний удирдлагаар цэрэг хөдөлгөх саналаа төлөвлөн тавьж зарлигаар батлуулсан байна. Үүнд:

Нэгдүгээр зам нь: Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг

Хоёрдугаар зам нь: Дарьгангын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав нарын цэрэг

Гуравдугаар зам нь: Сөнидийн хоёр хошуу, дөрвөд вангийн чиглэлд дэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжихын цэрэг

Дөрөвдүгээр зам нь: Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн цэрэг

Тавдугаар зам нь: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэгт түшмэл Зүтгэлтийн цэрэг тус тус хөдлөх болсон ажээ. Мөн Ховдын хязгаарыг залгамжлах бэйл, манлай баатар цолоор шагнуулсан баргын Дамдинсүрэнг зүүн өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжинаар тохоон томилжээ.

Монгол улс, ингэж Өвөр Монголыг өмгөөлөх цэрэг томилон гаргахын зэрэгцээгээр өөрийн засгийн газрын нэрийн өмнөөс дагаар ирсэн ба ирээгүй монгол овогтонд зориулан ухуулан зарлах бичиг тараав.

1913 оны I сард Өвөр Монгол руу хөдөлсөн нэг түмэн цэрэгт Хүрээний цэргийн сургууль ба Халхын аймаг хошуудаас татсан цэрэг оролцсон юм. Харин цэргийн захирагчид голдуу Өвөр Монголоос дагаар ирээд нутаг орноо чөлөөлөхийг эрмэлзсэн хүмүүс байлаа. Тэд газар орны байдлыгсайн мэддэгийн хувьд цэрэг толгойлж явахад нэн тохиромжтой байв.

Монгол улсын засгийн газар Өвөр Монгол уруу хөдөлж байгаа цэрэгтээ: “... Харьяат түшмэд цэргүүд хүрсэн эл газарт номхон шударгаар амьдрах аливаа ардыг өчүүхэн төдий халдан дарлаж, гасалган зовоохгүй бүгдээр үнэн санаагаар хүчлэн зүтгэж, чухам тус зүйн хэргийг хичээн, ёс журам, цэвэр ичимтгийг сахин явж гавьяаг илэрхийлбээс зохино” гэж тушааснаас үзэхэд энэхүү таван замын цэрэг бол Хятадын зандалчдаас Өвөр Монголын нутаг орныг өмгөөлөн хамгаалах зорилготой байсан нь илэрхий байна.

Монгол улсын цэрэг хэдүйгээр тоогоор цөөн боловч баатарлаг зоригтой тулалдаж, Өвөр Монголын нутаг орныг чөлөөлж байлаа. Нутгийн монгол ард иргэд, Монгол улсын хааны цэргийг газар бүр, хоол хүнс, уналгаар дэмжиж, өөрсдөө тэдний эгнээнд элсэн орж байлаа.

1913 оны зун Өвөр Монголын нутагт байлдаж явсан монгол цэрэг Хятадын үлэмжхэн цөрэгтэй олон газар шаргуу тулалдаан хийж байжээ.

Мөн тэр үед Ховд, Алтайн хязгаарын зааг Цагаан Түнгэний Улаанхайрхан гэдэг газар монгол, хятад цэргийн хооронд ширүүн тулалдаан болж байв.

1913    оны намар Шилийн гол, Чахарын нутаг чөлөөлөгдөж дууссан бөгөөд улмаар монгол цэрэг Цагаан хэрэмд зарим газраар тулж очоод ялангуяа Чуулалт хаалга хотын хэрмийн хаалганы араас эхлэн Монгол нутгийн хилийг хамгаалж байжээ.

Монголын хошуу нутаг дагаар ирэх явдал Монгол улсын цэрэг, Өвөр Монголын нутагт чөлөөлөхөөр орсноос хойш ихэсчээ. Иймд Монгол улсын засгийн газар, дагаар орсон хязгаар нутгийн хэргийг захиран шийтгэх тусгай сайдын газрууд байгуулжээ.

Тэгэхэд зүүн хязгаар бол чухал газрын нэг болж байсан тул Олноо өргөгдсөний 3-р оны VI сарын 30 -нд Богд хааны зарлигаар Егүзэр хутагт Галсандашийг Зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдаар томилов.

Үүний зэрэгцээгээр Монгол улсын засгийн газар Өвөр Монголтой түргэн шуурхай харилцан алба нэвтрүүлж байхын тулд Нийслэл Хүрээнээс зүүн тийш одоогийн Дорнод аймгийн нутаг Бадам-Ишээс Солон баргын зүг, мөн Шаваржаргалантаас зам салж, Шилийн голын чуулганы нутагт хүртэл, өмнө зүг одоогийн Дорноговь аймгийн Сулинхээр сумын нутаг Ар дэрс гэдэг газраас урагш залгаж өвөр чуулгадын нутгаар олон салаа морин өртөө байгуулсан амуй.

Өвөр Монголыг өмгөөлөх дайны ажиллагаа энэ мэтээр байхад ДИУ-ын засгийн газар Орос дахь өөрийн элчингээр дамжуулан, Өвөр Монгол дахь дайны ажиллагааг зогсоолгох талаар Монгол улсын засгийн газарт шаардаж өгөхийг Оросын ГЯЯ-нд хүссэн байна. Бас Бээжин дэх Оросын элчинд мөнхүү хүсэлтээ тавьжээ. Оросын ГЯЯ Хүрээ, Бээжин дэх өөрийн төлөөлөгчөөр дамжуулан, Өвөр Монгол дахь дайны ажиллагааг зогсоох шаардлагыг Монгол, ДИУ-ын талд тавьж байв.

Монгол улсын засгийн газрыг нэгэнт зөвшөөрөн хүлээж дагаар орсон Хөлөнбуйр,. Өвөр Монголын хошууд, өөрсдийн харъяат нутгийн худалдаа арилжаанаас хураасан гаалийн орлогоос засгийн газарт 1912 оноос эхлэн тушаах болсон нь Өвөр Монголын нутгийг Хятадаас чөлөөлөхөөр хөдөлсөн цэргийн зардал сүйтгэлд бага ч атугай нөхвөр болж байв.

Ар, Өвөр Монголын аль нь ч гэсэн он удаан жил Чин улсын хоцрогдмол хязгаар нутаг болж байсан агаад үндэсний худалдаа, зах зээл, үйлдвэр хөгжөөгүй байсан тул үндэсний улс төрөө сэргээж, нутаг орноо чөлөөлөхийн төлөө тэмцсэн энэ гурван жил орчмын хугацаанд юм, юмаар ихэд дутагдаж, ард түмний аж байдлыг доройтуулсан байна.

Хэдий тийм боловч Монголын ард түмэн тусгаар тогтносон улсаа байгуулбал харийн ба нийгмийн дарлалаас үүрд ангижирч, түмэн жилийн жаргал эдлэх юм шигээр ойлгож, хамаг мал хөрөнгөө цэргийн хэрэгцээнд нийлүүлж байв.

Доктор (Рh.D) Лхамсүрэнгийн Баяр