sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Армийнхаа судалгааны хүрээлэнгийн гаргасан “Эбола”-гийн вакциныг хүнд туршихаар боллоо гэж БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн ерөнхий ложистикийн газар мэдэгджээ.

Хөлдүү хуурай нунтаг хэлбэрийн уг вакциныг Цельсийн 37 градус хүртэл температурт 14 хоног хадгалахад ямар нэг өөрчлөлт гарахгүй ажээ. Энэ нь халуун уур амьсгалтай Баруун Африкт тохиромжтой бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэж болно гэж эрүүл мэндийн салбарын 17 шинжээч дүгнэсэн байна.

“Эбола”-д зориулсан вакциныг эмнэлэгт туршиж буй гурав дахь улс Хятад болж байна. Үүний өмнө АНУ, Канад туршсан.

Эмнэлэгт байгаа бусад вакциныг бодвол Хятадын вакцин давуу талтай гэж дүгнэлтэд дурджээ. Гадаадын вакцинууд 1976 оны генийн төрөлд суурилсан шингэн хэлбэрийн вакцинууд байдаг ба эдгээрийг Цельсийн хасах 80 градуст хадгалах шаардлагатай ажээ.

“Эбола” вирусийн улмаас Баруун Африкийн орнуудад 6000 гаруй хүн нас барж, АНУ, Европт хүртэл тархсан.

Өвчин тархаж эхэлснээс хойш, Хятад улс ойролцоогоор 750 сая юанийн /120 сая доллар/ тусламж, 500 орчим эрүүл мэндийн ажилтнаа Баруун Африк руу илгээсэн. Мөн лаборатори болон эмчилгээний төв байгуулсан өгсөн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: