sonin.mn

ИДЛИБ. /ANADOLU/. Сирийн хойд нутгийн Идлиб мужийн нэг цэцэрлэг өнчин хүүхдүүдийн асрамжийн газар болж хувирчээ. Тус улсын иргэний дайнд эцэг эх хоёр нь хоёулаа эсвэл аль нэг нь амь үрэгдсэн хэдэн мянган хүүхдийн хувьд тус цэцэрлэг гэр нь болсон байна.

“Алеппод засгийн газрын хүчнийхэн агаараас цохилт өгөхөд аав амь үрэгдсэн” гэж “Равдат Аль-Жинань” цэцэрлэгт байгаа өнчин хүүхдүүдийн нэг Мохамдед Хайр Аль-Жануди ярьжээ. Түүний аав нь наймаачин байсан бөгөөд сөрөг хүчний аль нэг намд харьяалагддаггүй байсан аж.

“Сирийн эрх чөлөөний арми” бүлэгт аавууд нь харьяалагддаг байсан таван өнчин хүүхэд энэ цэцэрлэгт мөн амьдарч байна. Тэдний аавууд бүлгийнхээ гишүүдтэй уулзаад ирснийхээ дараа амиа алджээ.

Асадын дэглэмийн хүчнийхэн Сирийн хэдэн мянган хүүхдийн аминд хүрчээ. Хүүхдүүдийн зарим нь эцэг эхээ алдаж, сургуулиас гарч, гэрийнхэндээ хоногийн хоол залгуулагч болохоос өөр сонголтгүй болсон байна.

НҮБ энэ оны наймдугаар сард мэдэгдсэнээр, Сирид 2011 оны гуравдугаар сард зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 190 мянга гаруй хүн амь үрэгдсэн.

Харин олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч “Эмнэсти Интернэйшнл” ТББ-ын мэдэгдсэнээр, 10 сая гаруй хүн орон гэрээ аргагүйн эрхэнд орхисон байна. Тэдний дөрвөн сая нь дүрвэгч болжээ. Дүрвэгчдийн олонх нь Турк, Ливан, Иордан, Ирак болон Египетэд байна.

Г.Доржханд

Эх сурвалж: