sonin.mn

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулахаар боллоо. ИТХ-ийн төлөөлөгчид нь түүнийг Засаг даргын чиг үүргээ биелүүлж чадаагүй гэж үзэж байгаа юм.

Тодруулбал, огцруулах саналдаа долоон үндэслэлийг дурьдсан байна. Үүнд, Орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум 79 сая төгрөгөөр хийсэн ажлууд нь туйлын хангалтгүй, тооцоо судалгаа, зураг төсөлгүйн улмаас 324 сая төргөг нь эргэн татагдсан. Хууль, хүчний байгууллагын уялдаа холбоо муу, гэмт хэргийн гаралт 30 хувь өссөн, ажилгүйдэл нэмэгдсээр байхад дүүргийн удирдлагын зүгээс бодитой арга хэмжээ авахгүй байгаа.

Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан тогтоолыг удаа дараа зөрчиж, хуулийг уландаа гишгэсэн, ИТХ-аас батлагдаагүй газруудад дур мэдэн газар олгосон, хууль бус захирамж гарган танил тал ах дүүдээ эзэмшүүлсэн, Налайх дүүргийн 15 га газрыг 6000 айлын орон сууц бариулна гэх нэрийдлээр ямар үнэ төлбөргүй өгч иргэдийг хуурч байгаа зэргийг дурджээ.  

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өглөө 100 хувийн ирцтэйгээр буюу 25 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн. Хурлаар хэлэлцэх асуудлуудад МАН-ын бүлгээс дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах санал оруулж ирсэн нь дэмжигдэн, хэлэлцсэний эцэст олонхи буюу 14 төлөөлөгч огцруулах нь зүйтэй гэж үзжээ.

Тодруулбал, АН-ын бүлэг завсарлага авсны дараа зарим нь хуралдаа орж ирээгүй байна. Ингээд хурал даргалагч, АН-ын гурав, МАХН-ын хоёр, МАН-ын есөн төлөөлөгч хуралд оролцож, асуудлыг хэлэлцэн Х.Болдбаатарыг огцруулах нь зөв гэж үзсэн байна.

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 25 суудалтайгаас өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-12, МАН-11, МАХН-2 суудал тус тус авснаар Ардчилсан нам ялалт байгуулж олонхи болсон юм. Тус дүүргийн ИТХ хуралдаж  дүүргийнхээ ИТХ-ын даргаар Ц.Галболдыг, Засаг даргаар Х.Болдбаатар нарыг тус тус томилсон билээ.