sonin.mn

1.Хоёр хөршийн Ерөнхийлөгч Монголд айлчлав

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сарын 21-22-нд, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн оны 9 дүгээр сарын 3-нд  Монгол Улсад  төрийн болон ажлын айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд уламжлал болон тогтсон өндөр дээд түвшний яриа хэлэлцээний үргэлжлэл боллоо.
Айлчлалын үеэр  Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал болон хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, байгууллага хоорондын болон аж ахуйн нэгж хоорондын нийт 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан бол ОХУ-тай хоёр улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэл, боловсролын чиглэлээр нийт 15 санамж бичиг болон гэрээ хэлэлцээг баталгаажуулсан юм.ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд хоёр улсын иргэд 2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчиж эхэллээ.

2.Шинэчлэлийн Засгийн газрыг огцоруулж, шинэ Засгийн газар байгууллаа

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд УИХ-д хамгийн олон суудал авсан АН санаачлан “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран Засгийн газраа байгуулж Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томилсон. “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 2 жил хоёр сарын хугацаанд ажиллаад энэ оны 10 дугаар сард огцорлоо.
Улмаар Монгол  Улсын 28 дахь Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг томилогдож, УИХ-д суудалтай бүх нам, эвслийг шинэ Засгийн газартаа хамтрахыг урьсны үр дүнд АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл,  ИЗНН хамтран 15 яам, 19 сайдтай шинэ Засгийн газрыг байгуулав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр байгуулсан Засгийн газраа “Шийдлийн Засгийн газар байна” хэмээгээд 1-рт, эдийн засаг, 2-рт, эдийн засаг, 3-рт, эдийн засаг гэсэн зарчимтай ажиллана гэж мэдэгдлээ.

3.Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Душанбед анх удаа уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан  Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн “Улаанбаатарын уулзалт”-ыг ажил хэрэг болгох зорилготой анхны уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-12-нд Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо  ШХАБ-ын тэрийн тэргүүнүүдийн хуралдааны үеэр хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хөрш хоёр орны удирдагчид зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд зөвхөн Улаанбаатарт гэхгүй боломж гарах бүрт 3 орны төрийн тэргүүн уулзаж харилцан яриа хэлэлцээ хийж байхын чухлыг тэмдэглэв.

     4. Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг өргөн тэмдэглэв

Энэ оны наймдугаар сард тохиосон Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг  Монгол орон даяар төдийгүй Оросын ард түмэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.ВПутин Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ажлын айлчлал хийж цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа, зэвсэглэл, техникийн хүчин чадлыг сайжруулахад туслахаа амлав. Мөн үеэр хоёр орны Зэвсэгт хүчний 1000 гаруй цэргийн алба хаагч “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Дорнодын их талд хийв.

5. Эрчим хүч, зам, барилгын салбарт  их бүтээн байгуулалт өрнөв

2014 онд манай улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан ч эрчим хүч, зам, барилгын салбарт хөрөнгө оруулалтын урсгал өндөр байв. Тухайлбал, нийслэлийн  Баянзүрх дүүрэгт Амгалан дулаан станцыг барьж эхний ээлжийг ашиглалтад өгсөн төдийгүй “ДЦС-3”-ыг өргөтгөж, найман аймагт дулааны станц барих ажлыг эхлүүлэв. Мөн Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймаг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдлоо.

 6.Тамирчид тив, дэлхийд алдраа дуурсгалаа

2014 он Монголын тамирчдын хувьд тив, дэлхийн тэмцээнүүдэд алдраа дуурсгаж, чинсаагаа ахиулсан жил боллоо. Чөлөөт бөхийн ДАШТ "Ташкент 2014"-ийн 60 кг-ийн жинд “Алдар" спорт хорооны тамирчин, дэлхийн залуучуудын аварга, 19 настай ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд Дэлхийн аварга болсон бол жүдоч Г.Болдбаатар ОХУ-ын Челябинскт  2014 оны 9-р сард болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ийн жинд түрүүлж дэлхийн аваргын хүндтэй цолын эзнээр тодров.
Мөн Энэтхэгийн Мумбай хотноо болсон Бодибилдингийн ДАШТ-ээс Ж.Нурлан алтан медаль хүртэж, энэ спортын төрлөөр Монголын анхны дэлхийн аварга болов. Түүнчлэн БНСУ-ын Инчеон хотноо зохиогдсон Азийн зуны спортын 17 дугаар наадамд Монгол Улсын баг тамирчид 400 шахам хүний бүрэлдэхүүнтэй оролцож  5 алт, 4 мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртэж, 45 орноос 16 дугаар байрт шалгарлаа.

7. Монгол эрдэмтдийн судалгаа үнэлэгдлээ

Дэлхийн шинжлэх ухааны академиас /The world academy of sciences/-аас Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил  хийсэн судалгаа нь хавдар судлалын оношлогоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн тул Монгол Улсын эрдэмтэн академич, доктор, профессор Гансүхийн Цэрэнчунтийг “2014 оны дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодруулжээ.
    Мөн физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон эрдэмтэн Хавтгайн Намсрайг Монголын төрөөс үнэлэн Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн өдрөөр төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнасан юм.

8. Хакухо М.Даваажаргал домогт  аварга Тайхотой амжилтаараа эн зэрэгцлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал Японы Фүкүока хотноо болсон мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд түрүүлснээр Японы эзэн хааны цомыг 32 дахь удаагаа хүртэв. Ингэснээр тэрбээр сумо бөхийн домогт их аварга Тайхогийн сумогийн түүхэнд тогтоосон дээд амжилттай эн зэрэгцэж байгаа анхны сумоч болов.

9.  Монгол Улс  дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангана

Энэ жил манай улс 465 мянган тонн улаанбуудай хураан авч дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо. Манай улсын гурилын жилийн нийт хэрэгцээ ойролцоогоор 240 мянган тонн байдаг. Үүнд 360 тонн улаанбуудай шаардлагатай юм. Анх 1958 онд атар газар эзэмших анхны аянаар нэг га талбайгаас 16 центнер буюу 1.6 тонн улаанбуудайг хураан авч байв. Түүнээс хойш нэг га-гаас ийм их хэмжээний буудай хурааж байгаагүй аж. Харин энэ жил нэг га талбайгаас дунджаар 16 центнер улаанбуудай хурааж, ургацын хэмжээ өмнөх жилүүдээс 15 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.


10. Монголын жүжигчин Холливудад хөл тавив

Монгол Улсаас Холливудад анхлан хөл тавьсан жүжигчнээр МУСТА Б.Амарсайхан тодорлоо.
Тэрбээр “Weinstein”, “Netflix” компанийн хамтран бүтээсэн “Marco Polo” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн юм. Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авсан тэрбээр Нью-Йоркийн алдарт Broadway дахь “AMC Loews” театрт болсон “Marco Polo” киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд үндэснийхээ хувцастай зочилжээ.


"Монцамэ" агентлагийн дотоод мэдээний редакци