sonin.mn

Эмхэтгэлийн энэ оны отгон дугаарт, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хавсралтын хамт нийтэллээ.

Энэ хуулиар, Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, ерөнхийлөн захирагч нарт тодорхой хэмжээний төсөв зарцуулах эрх олгосон, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ зэргийг баталжээ.

Түнээс гадна Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар өөрчлөн баталсан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар, Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт /нэг жил болон түүнээс дээш/ хугацаат бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 200.000.0 сая төгрөгөөр баталжээ.

Мөн хуулиас, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосонтой танилцах боломжтой.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Үүгээр, Хүний хөгжил сангийн төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 318.498.0 сая төгрөгөөр баталснаас гадна төсвийн ерөнхийлөн захирагч нарт тодорхой хэмжээний төсөв зарцуулах эрх олгожээ.

Эмхэтгэлд, Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 320.000.0 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2014 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

2014 онд Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргасан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн нийт 48 дугаарт, Монгол Улсын хууль-185, Монгол Улсын Их Хурлын тогтоол 87, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг-52, Засгийн газрын тогтоол-114, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр-11, мөн Авлигатай тэмцэх газраас гаргасан албан хаагчдын хөрөнгө орлогын мэдээлэл, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэл нийт 451 эрх зүйн акт нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.