sonin.mn

Татварынханы тансаглал арай хэтэрч байна аа гэх үгийг жирийн нэг Дорж, Дулмаа битгий хэл УИХ-ын дарга З.Энхболд хэлээд ч амжилт олохгүй бололтой. Учир нь өнгөрсөн хугацаанд татварын хэлтсийн дарга нар урамшуулал нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний урамшуулал авч байсан нь илэрч нийгэмд шуугиан тарьж байсан юм.

Тэгвэл олон төгрөгөөр яригдаж байсан энэхүү татварын нарын урамшуулал замхрах шатандаа орсон бололтой. Уг нь тэдний энэхүү үйлдлийг хууль хяналтын байгууллага болон АТГ-ынхан сайтар нягтлан шалгаж тэднийг Засаг дарга нартайгаа хуйвалдан жирийн ажилчид, байцаагчддаа мэдэгдэхгүйгээр жилдээ улсын төсвөөс урамшуулал нэрээр 200 сая хүртэлх төгрөгийн урамшуулал авч байсныг нь илрүүлсэн юм.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийслэл дүүргийн татварын  байцаагч нар найман тэрбум 672 сая төгрөгний урамшууллыг авсан байна. Нэг ёсондоо энэ хэмжээний татвар төлөгчдийн мөнгө хэдхэн дарга нарын халаас руу орсон байх юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд татварынхан дөрвөн тэрбум төгрөгийн урамшуулал авсан нь тогтоогдсон гэсэн үг.

Энэ талаар АТГ-ын Урьдчилан соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон ч тодорхой мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан. Тэрбээр "Зөвхөн татварын хэлтсийн дарга нар Засаг даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулж, төлөвлөөд тэрнээсээ давсан орлогоос урамшуулал авдаг байсан юм билээ.

Хамгийн гол нь дарга нар нь урамшуулал авч байгаа нь ил тод бус, хамт олны хурлаар хэлэлцүүлэхгүйгээр буюу далд хэлбэрт нэг хэлстийн дарга л гэхэд жилдээ 200 гаруй сая төгрөгийн урамшуулал авч байсан.

Урамшуулал олгох тухай Сангийн сайдын баталсан журам байгаа болохоор мөнгийг буцаан төлүүлэх боломжгүй. Гэхдээ Төвсийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Сангийн сайдын гаргасан журам нь учир дутагдалтай журам байсан.

Өөрөөр хэлбэл урамшууллын босго, хувь хэмжээг хуулийн дагуу нарийвчлан тогтоох байсан юм. Татварын тухай хуулинд урамшуулал нь нэг сарын цалингаас хэтрэхгүй байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Энэ асуудлыг авч хэлэлцэхийг Сангийн яамнаас хүссэн байгаа. Мөн Төсвийн бодлогын байнгын хороонд ажлын хэсэг байгуулж хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэн" хэмээн ярьсан юм.

Ямартай ч шалгах ёстой газрууд нь татварын дарга нарыг хууль зөрчсөн гэдгийг нь тогтоосон. Гэтэл УИХ-аас татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө урамшуулж байсан хэлтсийн дарга нараас урамшууллын мөнгийг нь буцаан авах тогтоол гаргаж, Сангийн яаманд чиглэл өгсөн ч энэхүү урамшууллыг олгох ёстой гэсэн Сангийн яамны журам гарсан байдаг учраас буцаан төлүүлэх журмыг хэрэгжих боломжгүй гэх хариуг зохих албаныхан өгч байх юм.

Энэ бүхний эцэст татварынхан завшиж хөөрхий хэдэн татвар төлөгчид хохирч үлдэх нь тодорхой болсон дүр зураг харагдаж байна. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд тэднээр заавал урамшууллын мөнгийг төлүүлнэ гэж ажлын хэсэг хүртэл байгуулж байсан. Гэтэл энэ бүхэн замхран алга болж байгаа нь монголын хууль хөрсөн дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг харуулж байна.

Угтаа бол 2009 оноос эхлэн нийслэл дүүргийн байцаагч нар татварын орлого давуулан биелүүлсний урамшуулал авдаг болж. Тодруулбал, иргэд аж ахуй нэгжээс авах татварын орлогын төлөвлөгөөнөөс давсан мөнгийг татварын байцаагчид авдаг болсон. Нэг үгээр бол татварынхан урамшуулал нэрээр төсвөөс хумсалж байна.

Хэдийгээр нөхдүүд Сангийн яамнаас гаргасан дүрэм журмаар өөрсдийгөө хаацаайлж байгаа ч үүний ард маш олон татвар төлөгчид бий гэдгийг мартах ёсгүй баймаар. Гэтэл гажуудалтай хуулийн заалтаас болж өч төчнөөн тэрбумаар нь урамшуулал авсан татварынхны толгойг ийнхүү илээд өнгөрөх гэж байгаа нь татвар төлдөг хэн бүхэнд харамсалтай саяагдаж байгаа юм.

Учир нь энэхүү буруу бодлогоос болж өнөөдөр олон аж ахуйн нэгж, компаниуд татварын өрөнд баригдаж ажилчдаа ч цомхотгож эхлээд байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалаа ч төлүүлж чадахгүй байдалд ороод байна шүү дээ.

Гэтэл ийм хүнд үед татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа татварынханд олон нийт дургуйцлээ илэрхийлж эхлээд байхад төр засаг тэдний толгойг илж байгаа нь авлига хээл хахуульдаа Монгол Улс идэгдэж дуусч байгаагийн нэг илрэл ч гэж хэлж болно. Уг нь бол татварын орлого бүрдүүлэх нь татварын байцаагчийн хийх ёстой ажил.

Яг үнэндээ бодит амьдрал дээр татварынханд дарамтлуулж үзээгүй хувийн хэвшлийнхэн бараг байхгүй дээ. Зүгээр нэг Баянхошуунд байрлалтай цайны газрын эзэн хүртэл тэдний амыг дарахын тулд авлига өгдөг нь бодит үнэн. Өнөөдөр Монгол Улсын төсөв данс улайж ирэх онд хүн болгоныг дээлнийхээ бүсийг чангалахыг уриалж байгаа.

Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй өөрсддөө урамшуулал гэх нэрээр найр тавьсан татварынхан баялаг бүтээгчдийн мөнгөөр тансаглаж байгаа нь ариун явдал уу. Уг нь татварынхан баялаг бүтээгчиддээ "та бүхэй татвараа маш сайн төллөө" гэж урамшуулах ёстой баймаар юм. Учир нь бид чинь татвар төлөгч нар шүү дээ.

Энэ бүхний эцэст улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг тус байгууллагын дарга нар олон зуун хүмүүсийг гудамжинд гарган байж урамшууллын мөнгөөр тансаглаж байгаа нь харамсалтай. Ямартай ч энэ мэт гажуудалтай хуулийн заалтыг татварынхан дахин ашиглаж хэдэн тэрбумаар нь тансагласаар байх бололтой.

Р.Саруул

Эх сурвалж: