sonin.mn

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Одтой энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил болоод ирэх жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна

Танай хороо хичнээн хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байна вэ?

Манай хороо нь засаг даргатайгаа нийлээд 6 төрийн албан хаагч, 10 хэсгийн ахлагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хороо шилжилт хөдөлгөөн удаашралтай байдаг.

Учир нь “Вива сити” хорооллын хүмүүс бүгд манай хороонд иргэнийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэвэл хорооны хүн ам  12 мянга гаруй хүн амтай болж өснө. Гэвч энэ хороололд байгаа хүмүүс ихэнх нь оюутан, сурагч, хөдөө орон нутгийн иргэд, түрээсээр түр оршин суугч нар амьдардаг тул шилжилт хөдөлгөөн удаашралтай явагдаж байна. Цаашдаа манай хороонд хэд хэдэн орон сууцны хотхон нэмэгдэж байгаа учраас хорооны хүн ам өсөх хандлагатай байна.

Яг одоогоор танай хороо хичнээн хүн амтай вэ?

  Манай хорооны хүн ам сүүлийн үед эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Учир нь  “Viva city” хорооллоос  эхлээд олон шинэ хотхонууд баригдаж байна. Үүнтэй холбогдуулаад хүн ам нилээдгүй их нэмэгдсэн.

Одоогийн байдлаар манай хороо 9200 гаруй хүн, 2130-аад өрхтэй. Цаашид  “Пума констракшны” байр, Туул голын ар талд баригдаж байгаа олон шинэ хотхонууд ашиглалтанд ирэх оноос орох байх.

Эдгээр хотхонууд ашиглалтанд ороход ойролцоогоор 15000 гаруй хүн амтай болно гэсэн урьдчилсан судалгаа байна. Өмнөх жилд манай хороо 8200 хүнтэй байсан бол нэг жилийн хугацаанд 1000 гаруй хүнээр нэмэгдсэн. Манай хороо Улаанбаатар хотын А бүсэд харьяалагдаж байгаа болохоор ч тэр юмуу ерөнхийдөө  барилгажилт  нилээд нэмэгдэхээр төлөвтэй байна.

Энэ онд танай хороо ямар зорилт тавьж ажилласан бэ?

  Дөрөвдүгээр хороо гэхээсээ илүү Улаанбаатар хот болоод дүүргийн тавьж буй зорилтуудыг хэрэгжүүлж ажилласан. Тухайлбал манай дүүрэг энэ жилийг “Хүүхдийг дэмжих жил” зорилтын хүрээнд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” гэсэн уриан дор олон ажил зохион байгуулсан. Харин нийслэлээс бол иргэдэд хандсан нээлттэй, ил тод байх гэдэг ерөнхий зарчим тавиад ажиллаж байгаа.

Манай хороо иргэддээ ил тод ажиллаж байна.   Үүний нэг илрэл нь 2012 оноос хойш улирал тутамд иргэдийнхээ хурлыг хийж иргэддээ юу хийснээ тайлагнаж цаашид юу хийх талаар болон иргэдээсээ авсан саналаа баримтлаад сүүлийн үед ажлаа явуулж байна.

Иргэдээс санал авснаар ямар ажил хийгдэж байгаа вэ?

  Иргэдээс санал авснаар хорооноос зохион байгуулж байгаа ажилд иргэдийн идэвхи оролцоо сайжирч байгаа. Иргэдээс авсан саналын  дагуу Хан-Уул дүүргээс ганцхан манай хороо дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах төсөлд орсон. 2016 оны хоёрдугаар улирал гэхэд байр ашиглалтанд орох зорилт тавиад ажиллаж байна. Яг иргэдийн санал аваад бодитой хэрэгжээд эхэлсэн ажил бол гэрэлтүүлэг, камержуулалт юм.  

Манай дөрөвдүгээр хорооны хуучин гэрэлтүүлгийг шинэ LED гэрэл болгож солиод одоо асалт нь жигдэрч харанхуй гудамж байхгүй болсон. Ер нь Хан-Уул дүүрэг бусад дүүргээс арай түрүүлж ажиллаж байгаа нь анзаарагддаг.

  Манай  хороо бусад хороодыг бодвол иргэдийн оролцоо маш сайн идэвхтэй гэж би үздэг. Иргэд хороогоороо үйлчлүүлснээр төрийн мэдээллүүд болон бусад үйлчилгээний бүх мэдээллийг авах бүрэн бололцоотой.

Хорооноос нутаг дэвсгэрийн ААН байгууллагад “Нийтийн зар мэдээллийн” самбар гэж гаргасан нь иргэдэд мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллаж байна. Энэ ажил нь иргэдээс их хэмжээний талархал хүлээгээд байгаа.

Ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөс танилцуулбал?

  Ирэх онд бол үндсэндээ гурван том чиглэлийн ажил хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт засаг даргын зүгээс дахин төлөвлөлт гэр хорооллын барилгажуулах ажлыг ирэх онд эхлүүлж тодорхой хэмжээнд үр дүнг нь үзэж шахаж ажиллах бодолтой байгаа. 

Хоёрдугаарт мэдээллийн самбар, мэдээлэлийн LED дэлгэц байгууллана. Гуравдугаарт ирэх онд хэрэгжүүлэх чухал ажлын нэг бол өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль завсардаж буй хүүхдүүд, эмзэг бүлгийн иргэдэд хандсан  нилээн дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаа.

Мэдээлэл хүргэх LED дэлгэц байрлуулснаар ямар иргэдэд үзүүлэх вэ?

  Бид ирэх онд хорооны иргэддээ төрөөс болон хорооны зохион байгуулж байгаа мэдээ мэдээллийг LED дэлгэц ашиглан иргэддээ хүргэхээр ажиллаж байна. Уг дэлгэцээр  гэртээ үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулснаар хорооны иргэд заавал зах руу очиж цаг хугацаа алдалгүй гэрийн ойроос жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хямдхан авах боломж бүрдэнэ.

 Гэр хорооллын жалганд их хог бий болдог. Энэ асуудлыг танай хороо хэрхэн шийдсэн бэ?

Анх засаг даргын ажилаа хүлээн авч үед хурал хийх болгонд хогны талаар маш их гомдол ирдэг байсан. Манай хорооны жалганд нилээн их хур хог үүсдэг байсан. Хороогоо камержуулаад ирэхээр иргэд хог хаях нь харьцангуй багассан. Одоо хог гэдэг асуудал байхгүй болсон.

Иргэдийн хогийг долоо хоногтоо нэгээс хоёр удаа авч байгаа.  Мөн гэмт хэрэг тодорхой хувиар буурч, илрүүлэлт нь өсч байна. Энэ үзүүлэлтүүд нь гэрэлтүүлэг, камержуулалтаа дагаад  их эерэг, нааштай зүйлүүд их гарч байна.

Ирэх онд камерын тоог нэмэгдүүлээд ирэхээр гэмт хэргийн гаралт улам багасана. Ерөнхийдөө дүүрэг, нийслэлээс хийгдэж байгаа ажлуудад иргэд их талархууштай хандаж байна.

  Манай хороонд барилгын хог маш ихээр авчирч хаядаг. Энэ зөрчил дутагдал гаргаж байгаа иргэдийн машины дугаарыг бичиж зургаар баталгаажуулан хороондоо мэдээллэж байгаа нь орчноо цэвэр байлгах үндэс суурь болж байна.

Ажилгүй иргэддээ хандаж ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

  Манай иргэд залхуу байгаа юм боловуу гэж санагддаг. Хүн тодорхой хэмжээгээр гараа хөдөлгөж байж сайхан амьдардаг.  Тухайлбал манай хөдөлмөрийн мэргэжилтэн дээр ирээд бүртгүүлэх хэрэгтэй.

Сонирхсон ажилд нь  манай ажилтнууд зуучилж ажилд оруулах зэрэг маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь манай хороонд өмнө нь зуун хүн ажилгүй байлаа гэж үзэхэд одоо бол 50 болж цөөрч байх жишээтэй.

Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.