sonin.mn

УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудад өөрсдийн баримтлах байр сууриа тодорхойлжээ.

Шийдлийн Засгийн газар байгуулагдснаас хойш бие даагчдын зөвлөл сөрөг хүчин болж ажиллаж байгаа. Энэ долоо хоногт Гацууртын алтны ордын 20 хувийг төр худалдаж авах болсон. Төр бол ард түмний төлөөлөл юм. Өөрөөр хэлбэл, ард түмний өмчийг төлөөлөл нь худалдаж авч байна гэсэн үг. Зарчмын дагуу бол төр баялагаа гаргахыг зөвшөөрч аж ахуйн нэгжүүд үйлдвэрээ барих ёстой. Төр үйлдвэрийн 20 хувийг худалдаж авах шаардлага байхгүй хэмээн тус зөвлөлийн дарга Ц.Даваасүрэн хэллээ.

Мөн тэрбээр, “Ерөнхий сайд улсын төсвийг танах талаар ярьж байна. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Яам, дэд сайдын тоог нэмсэн хэрнээ хүүхдийн мөнгө, малчдад өгөх зарим урамшууллыг хасах зэргээр ард түмний халаас руу гар дүрж байна.  Түүнчлэн Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг бол маш чухал. Өмнө нь бид модны унанги хаягдлыг өөрсдөө цэвэрлэж түлдэг байсан.

Одоо эрх мэдэлтэй хүмүүс нь хоршоо нөхөрлөл байгуулаад модны хаягдлыг малчдад зардаг болно гэж  байна. Мөн Засгийн газар малчдын эсрэг бодлого явуулж эхэллээ. Арьс шир, ноос ноолуурын урамшуулал олгохыг зогсоох, малын хөлийн татвар авахаар ярьж байна. Төсвийн хөрөнгийг хэмнэх нэрийдлээр иргэдийг хохироохыг дэмжихгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Бие даагчдын зөвлөл Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барьсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн барьсан. Энэ хоёр хуулийг нэгтгэн хэлэлцэх ажлын хэсэг гарсан.

Маргааш энэ хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Эцэг эх нь ажилтай, харах хүнгүй 100 мянган хүүхдийн эрх ашгийг хангахад чиглэсэн энэхүү хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Мөн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг мөн бие даагчдын зөвлөл боловсруулсан.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг болосвруулан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиудыг нэгтгэж дундын хууль гаргасанЭрүүл мэндийн даатгалын сангийн 90 хувийг иргэд төлдөг. Гэтэл төр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө гаргах асуудалд хэт их оролцдогоос иргэд даатгалынхаа үр шимийг бүрэн хүртэж чаддаггүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар төрийн оролцоог багасгах, иргэдийн даатгалын үйлчилгээг бүрэн ашиглах боломжийг нээхэд чиглэсэн” гэв.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг