sonin.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай хоёр жил хагасын хугацаанд түмэн олныхоо тусын тулд олон байгууллага, хурган дарга, шинэ цагийн баячуудтай заргалдаж байгууллагынхаа нэрийн учрыг нийгэмд сайтар таниулчихаад халагдах өргөдлөө өгөв. Товчхондоо Шийдлийн Засгийн газар түүнийг аваад чулуудчихлаа.

ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, “Эд нартай цаашдаа нэг замаар явж чадахгүй” гэсэн нь олон хүнийг гэнэтийн гайхшралд автуулж, бас суларсан суудалд нь шүлсээ үсчүүлэх дундрашгүй хүсэлтнүүдийн тэмцлийг өдөөчихөөд явж одов. Учир нь түүнд улстөрийн зүгээс томоохон дарамт, шахалт ирсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Хэдийгээр тэрбээр өөрөө энэ талаар ам ангайгаагүй ч сайн дураараа ажлаа өгөх үеийнх нь байр байдлаас илт ажиглагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хамгийн гол нь түүнийг энэ албан тушаалаас зайлуулснаар хэнд ашигтай вэ гэвэл нөлөө бүхий бизнесмен болон улстөрийн хүрээнийхэнд.

Тухайлбал, тэрбээр ШӨХТГ-ын дарга болсноосоо хойш хувьчлалын хуудууг илчилж, олгирахуудын эзэмшилд байдаг банкууд, СӨХ-ны Дээд зөвлөл гэсэн газруудын булхайг илчилсээр байсан билээ. Харин О.Магнай ийнхүү ажлаа өгснөөр түүний шалгаж байсан дээрх гурван том асуудал нам дарагдаж, тэдгээрийн ард эвсэлдэн нэгдэгсэд баярын хундага тулгах нь тодорхой.

Учир нь дээрх гурван асуудал он гараад шүүхээр шийдэгдэх байсан юм. Харин ч Шийдлийн Засгийн газар байгуулагдаж, улстөрийн бохир наймаалцлаар өндөрлөгт гарсан тодорхой албан тушаалтнуудад О.Магнайг зайлуулах шинэ санаа урган гарч ирснээр тэрбээр ажлаа өгч байна.

Анх түүнийг тус газрын даргаар томилогдох үед олон нийт яг л тохирсон хүнээ тавьж хэмээн ам сайтай байцгаасан. Гэхдээ тэр олны итгэлийг алдалгүй хоёр жил гаруйн хугацаанд сайн муугаараа хэлүүлэн байж эрх ашиг нь хөндөгдөгсөд, хохирсон иргэдийн талд үнэхээр сэтгэлээсээ ажилласан гэдэгтэй Монголын нийгмийн олонх нь санал нийлэх байх. Түүний зориглон эхлүүлсэн асуудлын мөрөөр “АСА” циркийн хувьчлалын будлиан 2015 оны эхээр шүүхээр шийдэгдэх учиртай байсан.

Монголчуудад төдийгөөс өдий хүртэл циркийн урлагийн ариун дагшин ордон болсоор ирсэн циркийн барилгыг Долгорсүрэн зааны хүүхдүүд менежментийн хувьчлал нэрээр өөрсдийн болгосноор бид циркийн урлагийг мартацгаасан. Чухам энэ будлианы талаар О.Магнай эрчимтэй хөөцөлдөж “АСА” -г цээжээрээ хамгаалж байгаа улстөрчдийн нэрийг ч олон нийтэд ил болгосон.

“АСА” зүсээ хувиргаж “Рояал Плаза” болсон түүх

Яг үнэндээ өнөөдөр тэр бөмбөгөр барилга дотор юу болж байдгийг, юу болох ёстой талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай анх дуугарсан. Тэр дуугарсныхаа төлөө сайн муугаараа ханталттай хэлүүлж, зарим нэгнээс йь шулуухан заналхийлэл сонссон. Их аварга Д.Дагвадоржийн гэр бүл хувьчилж авсан гэдгээс өөр мэдээлэлгүй байсан бидэнд цөөнгүй зүйлийг ил болгож өгсөн.

Товчхондоо “АСА” цирк шинэ цагийн баячуудын мөнгө олох хэрэгсэл болсныг тэр л анх зарлан тунхаглаж байв. Энэ асуудлаар товчхон түүх сөхвөл “Аса консалтинг” ХХК нь өөрийн байгууллагын нэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Рояал Плаза” ХХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

Үүгээр зогсохгүй “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай ”Үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн урын санг баяжуулна” гэх тодотголтойгоор Монгол Үндэсний цирк компанийг ч үүсгэн байгуулж. Гэвч нэрээ сольж, шинэ компанийг төрүүлсэн уг компани “АСА” циркийг хувьчлалын гэрээнд заасны дагуу эзэмшээгүйгээс өнөөдөр ийнхүү асуудал үүсгэж, Монголчууд циркийн тухай ярих эрхгүй болцгоосон.

Уг нь “АСА” циркийг хувьчлахаас өмнө циркийн цэнхэр байшинд багагүй хөрөнгө хадгалагдаж байсан нь тодорхой. Үүнийг албаныхан ч өөрсдөө нотлон хэлдэг. Харамсалтай нь энэ бүгд одоо түүх болж, зарим нь бүр устаж үгүй болсон.

Ирэх оны нэгдүгээр сар гэхэд О.Магнай Их аваргыг дээрх зөрчлөө арилгахгүй бол циркийн хувьчлалыг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдэж байсан. Харин одоо О.Магнайгийн энэхүү ажлыг цааш нь үргэлжлүүлээд аваад явах зоригтой аавын хүү гарч ирэхгүй нь ойлгомжтой. Энэ бүхний эцэст “Намайг тив дэлхийд нэрээ мандуулж явж байхад О.Магнай юу хийж байсан юм бэ” хэмээн загнаж байсан Их аварга Д.Дагвадорж энэ ордны хууль ёсны эзэн болно гэсэн үг.

Олигархиудын гар хөл болсон банк

Харин нөгөө нэг асуудал нь олигархиудын гар хөл дор байдаг арилжааны банкууд цаанаа асар том хамгаалалттай байдаг нь ч бүрхэг болж бас л шуудрах замдаа орно. Тодруулбал, бидний олж хараагүй нэг их санаанд ордоггүй зүйлийг О.Магнай олж харсан байдаг.

Өөрөөр хэлбэл, банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна, иргэдийг хохироож байна гэх үндэслэлээр тэрбээр арилжааны банкуудыг шүүхэд өгөөд багагүй хугацаа өнгөрч байсан. О.Магнай “Бодит амьдрал дээр өнөөдөр тэрбум төгрөгийн зээл авлаа гэхэд нэг хувийг нь буюу 10 сая төгрөгийг банк үйл ажиллагааны зардал гэж авдаг.

Тэгсэн мөртлөө зээлдэгч нэг тэрбум төгрөгийнхөө зээлийг 10 жилийн хугацаатай авсан бол банкинд тушаасан 10 сая төгрөгийнхөө хүүг хүртэл 10 жил төлөөд явах тогтолцоо Монголд байна. Банкныхан үүнийгээ “Үйл ажиллагааны зардал” гэж тайлбарладаг.

Ийнхүү үйл ажиллагааны зардал нэрээр нэг тэрбумаас 10 сая, хоёр тэрбумаас 20 сая төгрөг авч байгаа. Гэтэл энэ хоёр тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх зөрүү гарахгүй. “Тиймээс үүнийгээ боль” хэмээн шүүхэд хандсан.

Уг нь 2015 онд шүүхийн шийдвэр олон нийтийн талд гарвал бид арилжааны банкуудад өнгөрсөн хугацаанд нэг хувийн шимтгэл болгож өгсөн мөнгөө буцаан авах учиртай байв.Арилжааны банкууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдэд зээл олгоод түүнээсээ шимтгэл авсаар ирсэн. Энэ бол хэдэн их наяд төгрөгөөр яригдах асуудал гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийг татан буулгана Хууль бусаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл нь СӨХ-нуудаас татвар авдаг. Энэ байгууллага иргэдээс 570 сая төгрөгийг СӨХ-доор дамжуулан авсан юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 18-нд туе холбоог шүүхэд өгсөн ч долоодугаар сарын 3-нд эвлэрлийн гэрээ байгуулсан аж.

Тус гэрээгээр “Дахиж шалгалт хийхгүй, доошоо хүмүүсээс мөнгө хураахгүй” гэсэн тохироог УИХ-ын гишүүн Д.Арвинтай хийсэн байдаг. Гэтэл хатагтай Д.Арвин О.Магнайгийн хөөрхөн хуурчихаад эвлэрлийнхээ гэрээг зөрчиж, дахин мөнгө авч эхэлжээ. Тиймээс тус холбоог татан буулгахаар дахин шүүхэд хандаад мөн л ирэх онд шийдэгдэх байсан аж. Ямартай ч түүний хийсэн дээрх ажлууд бүгд олигархуудын өмч хөрөнгө болсон газрууд.

Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хийж буй тэмцлээ дан ганц үг хэлээр бус, үйл ажлаараа илэрхийлж байсан О.Магнайг өмнө нь “хоосон яригч, популист” хэмээн ойлгодог байсан хүмүүсийн үзэл бодол 100 хувь өөрчлөгдөөд байтал тэрбээр ажилгүй болж, гэртээ хэвтэхээр болчихлоо.

Юутай ч ард олны эрх ашгийг зөрчсөн, монопольдож хуйвалдаж луйвардах гэсэн аливаа оролдлогыг шалган илрүүлж, шударгаар торгууль шийтгэлийг оногдуулан, таслан зогсоож, ямарваа нэгэн зүйл болохоо байвал О.Магнайд хэлнэ шүү гэлцдэг болсон нь ард түмэн түүнд шүүх, цагдаагаас илүүтэйгээр итгэл үзүүлж байсны нотолгоо.

Ямартай ч О.Магнай энгийн олны төлөө хийсэн зүйлээрээ «ардын баатар», эд хөрөнгөтэй, эрх ямбатай хүмүүст гай болсноороо «хадны мангаа» хэмээн цоллуулсаар ажлаа өгөв. Төр, засаг шnнээр төвхнөөд төдийлөн удаагүй байна. Шинэ сайд, дарга нар улам одон болж өөрчлөгдөж байгаа энэ цаг үед шинtчилнэ, их юм хийнэ гэж ярьж яваа ч нөхөд Магнай шиг ард олныхоо төлөө ажиллахгүй нь тодорхой.

Р.Саруул

Эх сурвалж: