sonin.mn

“Монгол эм Оросод худалдаалагдаж эхэллээ” гэсэн мэдээлэл нэр бүхий зарим хэвлэл, олон нийтийн сүлжээ сайтуудаар цацагдсантай холбоотой  албан ёсны  эх сурвалжийн тодруулга авахаар “Монос” группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Төрийн шагналт, доктор, профессор Л.Хүрэлбаатартай ярилцлаа.


Монголчууд хавдын эсрэг бүтээжээ гэсэн дуулиан төдий л намжаагүй байхад танай  “Нефромон” бэлдмэл ОХУ-д зарагдаж эхэлсэн тухай мэдээлэл гарлаа.  Танай хамт олон салбарынхандаа ойр ойрхон гэнэтийн бэлэг  их барих болжээ.


Таны дурьдсан хоёр эмийн үр дүнгийн тухай мэдээлэл нь  гэнэтийн мэт  ойр ойрхон байгаа нь үнэн байх. Гэхдээ энэ бүхний цаана олон жилийн хөдөлмөр байгаа .  “Нефромон”-ыг  ОХУ-ын зах зээлд гаргах гэж л  бид нийт  таван жил гаруйн хугацаа зарцууллаа. Өөрөөр хэлбэл Монголд хийгдсэн бүх туршилтууд ОХУ-д давтаж хийгдсэн. Тодруулбал  бидний амьтан дээр хийгдсэн туршилт, хүн дээр хийгдсэн туршилт, химийн болон технологийн стандартын бүх туршилтууд давтагдаж хийгдээд, ОХУ-ын хууль дүрэм, стандартыг амжилттай даваад тус улсад зарагдахаар болоод байна.


   Монголд үйлдвэрлэгдэн, борлуулж буй “Нефромон”



Монголд үйлдвэрлэсэн “Нефромон” бэлдмэлийг тэр хэвээр нь шууд  ОХУ-руу экспортолж байгаа гэсэн үг үү?


Бид ОХУ-д зарагдах “Нефромон”-ыг хийхдээ Монголд байгаагаас нь огт өөрөөр үйлдвэрлэсэн . Монголд 14 жилийн өмнө бидний зохион бүтээсэн “Нефромон” маань   спиртэн ханд байгаа.  Спиртэн уусмалыг хүүхэд юм уу, спиртийн харшилтай хүн хэрэглэж болдоггүй. Тийм учраас ОХУ-д зарагдах “Нефромон”-ыг бид Оросын эрдэмтэдтэй хамтарч, сироп хэлбэртэй хийсэн. Ер нь ургамлын хандыг  хийхэд бол их төвөгтэй л дээ.Яагаад гэвэл  ургамлын ханд маань амархан исдэг, чанараа алддаг. Тэгэхээр чанарыг нь  алдагдуулахгүйн тулд нэг бол спиртээр хандалдаг.  Эсвэл чихрээр хандалдаг. Чихрийг сонгохоор  чихрийн хордлоготой өөрөөр диатезитэй хүүхдүүдэд хэрэглэхэд зохимжгүй.  Мөн чихрээр , эсвэл спиртээр хандалсан ч ялгаагүй калори ихтэй болчихдог тул том хүн хэрэглэсэн ч таатай бус байдаг. Энэ удаад бид цэвэр байгалийн гаралтай органик бодисоор хандалж хийсэн. Үйлчлэгч бодис нь этилийн спиртээр хандалснаас илүү  сайн гарцтай байсан, мөн хандлахдаа  хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хэрэглэлээ.  Ийнхүү хамгийн орчин үеийн  дэвшилтэт технологийгашигласан, олон давуу талтай Монгол хүний  оюуны бүтээл болсон  шинэ эм Оросын зах зээлд гарч эхэллээ.


  ОХУ-д борлуулагдах “Нефромон”-ы шинэ хувилбар

“Нефромон” бэлдмэлийн Оросын эмийн зах зээлд өрсөлдөх чадварыг хэрхэн харж байгаа вэ? Мэдээж зах зээлд нэвтрүүлэхийн өмнө судалгаа хийсэн байх.


Тийм ээ. Бид ОХУ-ын зах зээлд эмээ гаргахын өмнө  тус улсад зарагдаж буй энэ төрлийн эмийн зах зээлийг  системтэйгээр судалсан.  Германы  “Бионорика” пүүсийн  “Канефрон” гэж эм Оросын  бөөр хамгаалах чиглэлийн нийт зах зээлийн 60 орчим хувийг эзэлдэг. Мөн Энэтхэгийн, Францын болон Оросын дотоодын үйлдвэрлэсэн олон эм өрсөлддөг . “Нефромон”-ы хувьд  бид зах зээлийн 60 хувийг эзэлж буй “Канефрон”   эмтэй өрсөлдөнө гэж тооцож ажиллаж байна. Ер нь бол их зоригтой , эрсдэлтэй алхам л даа, Учир нь бидний  хийсэн олон судалгаагаар “Нефромон” бол Орост зарагдаж буй ижил төрлийн  эмнүүдээс  дутахгүйгээр үл барам  тэргүүлэх хэмжээний чанартай болох нь батлагдаж байгаа. Тэгэхээр ОХУ-ын эмийн зах зээл том тул тэр хирээрээ ихээхэн хөдөлмөр, ажиллагаа, хөрөнгө хүч, авъяас, хөдөлмөр шаардана.


     ОХУ-ын бөөрний чиглэлийн эмийн борлуулалтын 60 хувийг эзэлдэг бүтээгдэхүүн



ОХУ-ын эмийн зах зээл маш том. Танай Орос дахь түнш ямар байгууллага байгаа вэ?


Үнэхээр ОХУ-ын эмийн зах зээл  бол маш том.  Тийм ч учраас энэ зах зээлд нэвтрэхийн тулд ажиллаж байгаа биднээс ихээхэн хөдөлмөр,  байнгын идэвхтэй ажиллагаа,  хөрөнгө  санхүү, мэргэжлийн өндөр ур чадвар, авъяас шаардаж байгаа. Мөн Орос дахь түнш маань маш сайн байх ёстой. Түнш  маань  Оросын эмийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэр хүндтэй, туршлагатай, Санкт Петербургт  төв нь байрладаг “Фарма Мед” хэмээх компани бий.  Уг  компаний захирлаар Андрей Гомжин ажилладаг. Тэрээр саяхан Монголд  зочилж, маркетингийн төлөвлөгөөгөө хамтран батлаад явлаа. “Фарма Мед” компани зөвхөн ОХУ-д төдийгүй  Беларусь, Казахстан, Украйн гээд олон оронд эмээ гаргадаг бүс нутагтаа  нэр хүндтэй пүүс юм. Тус компаний  “Валмидин”  гэдэг ургамлын гаралтай, тайвшруулах зорилготой бэлдмэл байдаг. Өнгөрсөн 10-р сард Монгол улсын  эмийн бүртгэлд бүртгэгдсэн. Одоо уг бэлдмэлийг  Монголынхоо зах зээл, эмчилгээнд  хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг ажил хийгдэж байна.Манайд байгаа ижил төстэй эм бэлдмэлүүдээс тайвшруулах үйлдэл илүү сайн байгаа болохоор бид бас их итгэл урамтай энэ ажилд ороод байна.


 
 “Фарма Мед” компаний албан ёсны вэб сайт :  http://www.pharmamed.ru/   


Монгол хүний оюуны бүтээл болсон “Нефромон” ОХУ-ын хэдэн муж, хотод зарагдах вэ?


“Нефромон” ОХУ-аас гадна Казахстан, Беларусь улсад худалдаалагдах зөвшөөрлөө авчихсан байгаа. Өөрөөр хэлбэл шууд  Евро-Азийн  гурван улсад худалдаалагдаж эхлэнэ гэсэн үг. Эхний ээлжинд  зах зээлээ түнших маягаар туршилтын хэлбэрээр бага хэмжээгээр худалдаалагдаад  эхлээд байна  Ирэх жилийн гуравдугаар сар гэхэд ОХУ-д  өргөн хэмжээгээр зарагдаж эхлэх юм.



 
Таньд баярлалаа. “Нефромон”-ы борлуулалт өдөр өдрөөр өсч, олон бүтээгдэхүүн дагуулсан булган сүүлтэй “брэнд” байхын ерөөл дэвшүүлье.


Баярлалаа. Мэдээж  бидний хийж буй ажил бизнес тул борлуулалтын тухай асуудал чухал л даа. Тэгэхдээ миний, бидний “Монос” группыг үүсгэн байгуулах үедээ тавьсан нэг зорилт байдаг. Монгол Оюун Сэтгэлгээний бүтээлийг дэлхийд гаргая гэдэг. МОНОС гэдэг  группын маань нэр ч өөрөө Монгол Оюун Санаа, Монгол Оюун Сэтгэлгээ гэсэн үгний товчлол шүү дээ. Тиймээс ч Монгол хүний бүтээсэн эм Оросын хэрэглэгчдийн гарт очиж байна гэдэг маань өөрөө Монголчуудын маань том амжилт юмаа. Дандаа л түүхий эд экспортолдог ядуу, хөгжил дорой улс байж болохгүй шүү дээ. Цаашид Монгол Оюун Сэтгэлгээний олон бүтээлийг дэлхийн олон оронд түгээхийн төлөө хичээх болно.

М.Гал