sonin.mn

Агуа их эрдэмтэн Ломоносовын   нэрэмжит Москвагийн их сургууль хэмээх  “боловсролын их уурхайгаас” эрдэм номыг чадлынхаа хэрээр шанага шанагаар нь  хүрздэж аваад хорвоогийн өнцөг булан бүрд тарж одсон хүмүүний үрсийн тоо өнөөдөр хагас саяыг хол давжээ.

“Төрснөөсөө  хойш өрөө болгонд нь нэг хоноод яваад байвал тэтгэвэрт гарсан хойноо гарч ирдэг” гэгддэг энэ сургуулийн нүсэр том байгууламжийг өнгөрсөн зууны далаад оны эхээр Хар далайн хүүхдийн зуслан явах замдаа  ангайн харж зогсохдоо хожим нь энд ирж сурч амьдарч, аагтай залуу насныхаа хийморьтой арван жилийг өнгөрүүлнэ гэж төсөөлөө ч үгүй явжээ.

Одоогоос гурван зууны тэртээ Арктикийн хязгаарт орших алс холын Архангельск мужийн үгээгүй ядуу  загасчин эр арван есхөн настайдаа номын мөр хөөж, Москва орохоор  зориг шулуудан гарч өгсөн нь хожим нь дэлхий даяар алдар цуу нь түгсэн  Орос улсын анхны химич, астрономич, түүхч, яруу найрагч, геологич, математикч, эрдэмтэн судлаач  Ломоносов байлаа.

Нутгийн жинчдийн морин чарга даган мянга гаруй км явган таваргахдаа холын урт замд бяцхан толгойдоо зүсэн зүйлийн мөрөөдөл тээж явсны нэг нь магадгүй өөрийнх нь нэрээр овоглосон өнөөгийн энэ сургуулийг байгуулах тухай бодол  ч байсан байж болох.

Их эрдэмтний санаачлага, Оросын хатан хаан Елизаветагийн зарлигаар анх гурван факультет, гучин багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ сургууль одоо дэлхийн зуун тавин орны дөрвөн түмэн багачууд бужигналдсан, аль ч талаараа биеэ дааж тусгаар тогтносон  “эрдмийн вант улс” болтлоо өргөжөөд байна.

МГУ бол ер нь анхнаасаа аль нэг яам тамгын газар харьяалалгүйгээр улсын Думаас санхүүжилтээ шууд авдаг тусгай статустай, диплом нь барууны аль ч оронд  хүлээн зөвшөөрөгддөг ОХУ-ын хуруу дарам цөөхөн их сургуулийн нэг.

Статистик бүртгэлийг нь авч үзвэл 15 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, 40 факультет, 300 гаруй тэнхимтэй, гадаад дотоодын орнуудад таван салбартай энэ сургуулийн 600 гаруй барилга байгууламжид өнөөдөр 50000 хүн бужигнадгийн 10000 нь багш профессор, эрдэм шинжилгээний ажилтнууд, 40000 нь докторант, аспирант, бакалавр оюутнууд байх аж.  

Бүтээлүүд нь Орос орондоо төдийгүй дэлхий нийтэд алдаршсан МГУ-гийн багш нарын хийсэн ажил, цол гуншинг жагсаах гэвэл нэгээхэн зузаан ном болох учир нуршихын оронд ганц нэг тоо өгүүлбэр тавихад л хангалттай болов уу. Өнөөг хүртэл Оросоороо овоглодог дэлхийн дансанд бүртгэлтэй 18 Нобелийн шагналтнуудын 11 нь манай сургуулийн ханан дотроос тодорсон ба дэлхийн шилдэг 200 их сургуулийн жагсаалтанд ОХУ-аас ордог цорын ганц сургууль энэ бөлгөө.

За тэгээд цаашилбал тухайн үед ЗХУ гэдэг их айлд бүртгэгдэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны томоохон нээлтүүдийн аравны нэгийг энд хийж, одоо ажиллаж байгаа арваад мянган доктор профессоруудын дотроос төрийн, Лениний, ерөнхийлөгчийн гээд ланжгар ланжгар шагнал хүртэгсдийн тоо хоёр зуу хол давсан гээд  тоочоод байвал барагдахгүй.

Оросын алдарт зохиолч, яруу найрагч Островский, Лермонтовоос авахуулаад Зөвлөлт засгийг үндэслэгчдийн нэг, хожим нь Сталннаар бодио хөтлүүлдэг, өнөөх алдарт  “эсэргүү” Бухарин, ЗХУ гэгч том гүрний анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч, Нобелийн шагналт Михаил Горбачев, түүний гэргий асан Раиса Максимовна, Оросын цөмийн физикчдээс Нобелийн шагнал  хүртсэн  цөөхөн хүний нэг Лев Ландау гэх мэтээр алдартнуудыг дурьдаад байвал дуусахгүй.

Энэ том сургуулиар овоглох хувьтай төрсөн Монголын үр сад биднийг ч гэсэн тоолбол  өчнөөн төчнөөн  буй. Зөвхөн бидний үеэс гэхэд л Английн хатан хааны тэтгэлгээр Кембрижийн их сургуульд доктор хамгаалсан А.Баясгалан, АНУ–даа шаггүй том  судалгааны лабораторийг    эзэмштлээ “толгой нь үнэлэгдсэн” манай нэрт эрдэмтэн Бирагийн хүү профессор Арьяа,  Үндсэн хуулийн цэцээс хүний эрхийг хамгаалахаар томилогдсон “хулгар” Бямбадорж,  шадар сайд асан “халзан” Ганболд, Үндэсний сонины эрхлэгч, шатарчин Ганболд,  “Үүргэвчтэй аялалын зартай тэнүүлч” элчин сайд  З.Алтай, хувь заяаны төөргөөр “сайдын одонд төрсөн” УИХ-ын Баярцогт гишүүн гээд  “сайн эрчүүд” олоон олон. Монголын шинжлэх ухааныг хорь гаруй жил тэргүүлсэн Чадраа академич, алдарт зохиолч Дондогийн Цэвэгмид, хөрс судлаач, академич Доржготов гуай нар ч  эндхийн “уурхайчид” байсан.

“Ломоносовын өргөн чөлөөнд 2012 онд баригдсан шинэ хичээлийн байр” 

За тэгээд “Говийн зэрэглээ” киноны клубын эрхлэгч маягаар жагсаалтыг цааш нь үргэлжлүүбэл  ардчилсан хувьсгалын партизан С.Зориг, “математикийн” Мекей манайх,  хөтлөгч, нийтлэлч Д.Жаргалсайхан, химич, эрдэмтэн Дэмбэрэлнямба манайх,  МГУ-гийн болоод МУИС-ын профессор давхар дээлтэй доктор Сарантуяа, “MCS” хэмээх  магнатыг  үндэслэн байгуулагчдын нэг Энхцэцэг бүсгүй манайх, МУИС-ын эрдмийн танхимд насаа элээсэн буурал Балжид багш, энэ их айлыг өнөөдөр толгойлж яваа доктор Галтбаяр манайхаан.

1980 оны зун Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедицэд оролцон Баянхонгорын Таацын цагаан нуурын орчмын хөрс ургамлын судалгаанд явж байгаад говийн их угалзанд дайруулж, нүд чихгүй их шуурганд элстэй консерв зажилж суусан академич  Добровольский хэмээх өвгөн  багш маань цагтаа Халх голд цусаа асгаруулж  явсан Оросын мянга мянган дайчдын нэг байсан юм. Энэ мэтчилэн дурьдаад байвал энд төгссөн  эрдэмтэдээс Монголын хөгжилд оруулсан хувь нэмэр бас  шавхагдашгүй билээ.

МГУ-гийн маань 225 жилийн нас сүүдэр тохиох тэр өдөр  Сүхбаатарын ордон гардуулахаар Бал даргыгаа айлчлахад, Гүррагчаа баатрыгаа сансраас газардахад нь сургуулийнхаа их танхимд  алга нижигнүүлэн угтаж авч байсан үе тун саяхан мэт санагдана. Тэр үед Москвад сурч байсан Монгол оюутнуудын тэмцээн уралдаан, бүх л арга хэмжээ манай сургууль дээр зохиогддог байлаа.

Эхний жил маш олон төрлийн хичээл ордог нь хэлэндээ маруухан  хөдөөний маньд маш хүнд тусдаг байсан даа. Сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрөөж, шөнө дөл  болсон хойно хөөгдөн гарч, мэдрэлийн ядаргаа тустлаа номын санд суудаг байлаа.

Энэ сургуулийн хаалгыг татсанаар миний амьдралын залуу насны хамгийн сайхан дурсамжтай он жилүүд эхэлж, амьдралын ханиа эндээс бэдэрч олж, хоёр хүүхэд маань хүртэл оюутны байрны умгар өрөөнд чихцэлдэн торницгоосон юм.

Ломоносовын гудамжны таван давхар улаан тоосгон байшингийн нэг өрөөнд хэл, ёс заншил, үзэл бодлоор тэс өөрч сурч мэдэх гэсэн нэгэн зорилготой орос, украин, монгол, этиопын хар арьстантай хамтдаа амьдарч байсан маань нэгэн тогооноос хооллож, ундалж байсан тэр үеийнхний нийтлэг төрх байлаа. Миний хувьд  эхний жилийн  хамгийн хүнд даваа бол эрдэс, чулуулаг судлал буюу минералоги, петрографи байсан санагдана.

Хэдэн  мянгаар тоологдох тэр олон өгрийн чулууны өнгө зүсийг нэг бүрчлэн  тогтоож нэрийг нь цээжлэх гэдэг тун амаргүй даваа. Хамгийн гайгүй нь хаа очиж очиж математик, физик, хими мэтийн байгалийн ухааны хичээлүүд байв шүү. Баруунтурууны арван жилд Батсүх, Самдан, Пүрэвжав гээд сурсан мэдсэнээ бидэнд өвлүүлсэн багш нараараа сайн “нүдүүлж” байсны ач л даа.

Бүтэн сайн өдөр бүр дунд сургуулийн анги хам Лоохуузтайгаа явж кино үзэх л ганц “хоббитой”. Хоёулаа “Кино неделя” сонин хагас сайны өглөө эрт босож худалдаж авна. Зарын дагуу дуртай киногоо дахин дахин үзэхээр хайгаад заримдаа бүр Подмосковье орчихсон явах энүүхэнд.

Хоёр гурван кино угсруулж үзчихээд харих замд метро хаалгаа барьж, таксины мөнгөгүй бид хоёр шөнө хугаслан явган гүйж харж байсан ч удаа буй.   Чухам дон шүгэлнэ гэдэг л тэр байснаас гадна орос хэлэндээ маруухан бид хоёр ямар ч киног нэг үзээд бүрэн  ойлгодоггүй байсных л даа.

  Ингээд хуурай яриагаа түр завсарлаж оюутан ахуй цагийнхаа хөгжөөнтэй туужийг сөхсү.

  Бидний амьдарч байсан оюутны умгар байранд  маань одоогийн сумогийн аваргуудаас хол дутахааргүй, онцгой тарган том биетэй, нилээд хэнэггүй хүнд гар Роза гэгч Куба бүсгүй амьдардаг байлаа.  Өмнийн говиос ирээд удаагүй, хөдөөний улаан хацартай жижигхэн туранхай охиныг  байрны нийтийн халуун усанд орж байхад нь  Роза чармай нүцгэн ороод ирж.

Амьдралдаа анх удаагаа тийм том тэгээд шалдан хар хүн харсан Цэцгээ ч цочин байдгаараа хашгирч гэнэ. “Хүнээс айдаг яадаг муу дамшиг вэ гээд намайг буланд  бүдүүн гэдсээрээ түлхэж шахчихаад өрлүүлж байгаа ямаа аятай орилж байхад минь үүдний жижүүр бабушка очиж салгаж амь аварсан шүү” гэж хожим нь дурсан ярьж биднийг мууртал хөхрөлдүүлдэг байсансан.

МГУ-гийн нүсэр том барилга дотор ангиа олохгүй будилж төөрөн хичээлээс хоцрох, хоорондоо цүнхээ солилцох, тэр бүү хэл гуанзны  цэлийсэн зааланд үдийн үеэр хэдэн мянган оюутнууд чихэлдэх  учир ширээгээ эндүүрэх тохиолдол ч гарсан.

Нэг өдөр би подноостой хоолоо эзэнгүй ширээн дээр тавьчихаад халбага сэрээгээ аваад ирэх хооронд  буржгар толгойтой, нилээд өндөр хар миний ширээн дээр суучихсан тавагтай шөлийг минь хэнэг ч үгүй гөвж байна хөөе.

Би эхэндээ жаахан гайхсанаа хэлэндээ төдийлөн сайнгүй учир “Почему” ч гэж асууж дийлсэнгүй, мөнөөх цагаандаа гарчихсан хар эртэй зэрэгцэж сууж байгаад хоёрдугаар хоолыг нь шүүрч аваад идэж эхэлтэл мань эр  над руу нэг том харснаа хажуудах тавагтай салатыг маань хаа хүү гэхийн зуургүй залгичихаад яваад өглөө.

Би ч өөртөө ногдсоноо идэж дуусчихаад цүнхээ авах гэтэл байдаггүй, эргээд харсан чинь миний подноостой хоол, цүнх хоёр зайтайхан ширээн дээр байхыг хараад ичсэндээ бушуухан цүнхээ шүүрч аваад гүйн гарч билээ. Тэр хар намайг одоогийнхоор бол лав “траншейных”  гэж бодсоноос зайлахгүй.

Тэр үед  водка гэгч хатуу ундаа нэн ховордож, оочер дугаар  хааяагүй Лениний мавзолейнх аятай болчихдог байсан юм. Дээд курсын ах нар хааяа нэг цуглаж халчихаад дэлгүүр рүү гүйлгэхэд овсгоотойдоо ч юм уу, орос хэл сайтаа даа ч тэр үү, хамгийн хурдан  амжуулдаг нь талийгаач С.Зориг асан байж билээ.

Лифт ирэхийг ч хүлээх завдалгүй, цүнхтэй шил шажигнуулан, шатны гишгүүрийг хэд хэдээр нь алгасан Австралийн инж аятай харайлгаж яваа түүний төрх нүдэнд минь заримдаа харагдах шиг болдог.

Дарга болчихоод хүн тоохоо байчихсанаас биш “даварч” явсан андуудын маань нэг  хүний эрхийн комиссын тэргүүн “хулгар шар”. Одоо ч энэ нэрээр нь түүнийг ард түмэн андахаа  байж дээ. Бямбаа цуйванд угаасаа “нугасгүй” тул бид өөрөөр нь гурил  зууруулна.

Сайндаа ч биш, хатуу зуурсан гурилаа элдэх гэж босоо биеэрээ хүчлэх тусам бөгс нь хойш урагшаа бондгонон хөдлөхийг нь харж тэрүүхэндээ  шоолон хөхрөлдөх гэсэндээ тэр. Тэрүүхэндээ гэдгийн учир нь ажиллаж байгаад ирсэн, тэгээд бид нараас  арай ах, дээр нь сургуулийн намын үүрийн дарга болохоор нь түүнээс бид бяцхан эмээдгийнх.

Нэг удаа Жагаа бид хоёрыг намын үүрийн хурал дээр зангиагүй ирлээ хэмээн  учиргүй хашгичиж хөөхөд нь дамшиглаж байна уу даа гэж бодсон  чинь нөгөө Гүндалайтай үздэг шигээ үнэнээсээ уурлачихсан, шүлс нь үсчин загнаж байж билээ.  

  Эхийн алдарт одонгоос бусдаар нь энгэрээ дүүргэчихсэн ЗХУКН-ын босс Брежнев даргын ид мандаж “Целина”, “Малая земля”, “Возрождение” гурван номыг нь бараг цээжлүүлэх шахдаг байсан үе. 

Хайгуулын ажилд  нухлагдаж байгаад шагналын журмаар Геологийн ангид хуваарь авч ирсэн гэх Дорж биднээс арай ахимагдуу, бас модон хэлтэй нэгэн байлаа. Гай болж нэгдүгээр курсдаа “История КПСС”-ийн шалгалтанд Брежневийн нөгөөх алдарт “Целинаг” сугалчихаж.

Мөнөөхөө уншаагүй, дээр нь хэлгүй тэрээр хэрдээ сэргэлэнтэж -Леонид Ильич Брежнев, вот такой человек  гэчихээд багшийнхаа өөдөөс эрхий хуруугаа гозойлгоод  байсан чинь арай л унагачихсангүй гэсээр шалгалтнаас хөлс нь баагчихсан гарч ирэхэд нь бид ёстой татаж унатлаа хөхөрч байж билээ.

Хорин жилийн дараа толь бичгээс Леонид Ильич Брежнев гэж хэн бэ гээд харсан чинь “Мягкий политический деятель во времена Аллы Пугачевой” гэж ганц өгүүлбэр байна гэнэ хэмээн бидний ярьж  байсан онигоо өнөөдөр яг амилсан байна.

Жийнс гэж нэг золигийн моод тэр үед анх гарч түүнийг өмсөөгүй хүн бол бараг шалдан явах нь дээр  болчихсон, тэгээд бас үнэ нь маний гурван сарын стипендтэй тэнцэж байсан ч яаж ийгээд бусдыг дууриан хамаг юмаа гөвж байж авч бөгсөндөө угламшүү болдог байв.

1978 онд Хятад, Вьетнамын хооронд бяцхан будилаан болсноос болж, оросууд урьд хөршийнхнийг маань  үзэхээ больсон үе байв. Оюутны байрнаас маань холгүй Хятад, Ардчилсан Солонгосын элчин сайдын яам байдгаас болж бид нарыг  зарим согтуучууд гудамжинд хоргоон хэлмэгдүүлэх  үе гарна. 

Солонгосууд ч яахав их удирдагчийнхаа тэмдгийг зүүчихээд хос хосоороо хөтлөлцөн явах учраас оросууд тэднийг андахгүй. Биднийг бол харин өмнөх хөршүүдтэй байн байн андуурна. “Я Братская Монголия” гэж цээж рүүгээ дэлдэж хашгирч байж л сална даа.

Хагас сайн өдөр болгон оюутны байрны коридорт мөнөөх “Boney M”, “ABBA” –гийн чих дөжрөөм аянд хөлсөө дусалтал бүжиглэх нь бидний ганц зугаа байсансан. Үе тэнгийн охидуудаа эргүүлэмчээ аядавч “вахтер” нэртэй улаан даавуу ханцуйндаа зүүсэн эмээ нарын нүдийг хариулж байгаад тэдний байр руу нэвтэрнэ гэдэг тэр үед Монголд байсан орос дэлгүүр рүү орохоос хэд дахин хэцүү даваа байсан даа.

Хоёрдугаар курсдаа Жагаа, Баясаа хоёртой Геодезийн дадлагаар явж байхдаа Крымын хурц наранд  нуруугаа түлүүлж  цэврүүтүүлснийг минь залуухан эмч бүсгүй үзчихээд айсандаа ч юм уу, өрөвдсөндөө ч юм уу  намайг тэнэг мангараар нь дуудан уйлан загнаж байсныг би мартдаггүй юм.  Орос хөөн гэж…

   Компьютер гэж гайхал дөнгөж нэвтэрч эхэлж байсан үе. Тэр үеийн нэг компьютер нь бүтэн гурван давхар байшинг тэр чигээр нь эзэлдэг байсан гэж ярихаар хүү маань одоо үнэмшдэггүй юм.

Компьютерын лаборатори гэх энэ байшин үүдэндээ цэрэгжүүлсэн харуултай, орох гарах болгонд онгоцны буудал руу нэвтэрч байгаа мэт шалгуулдаг журамтай байлаа. Таван жилийн өмнө Москвагаар дайрахдаа төрөлх сургуулиараа орох цаг зав гарлаа.

Шинээр өргөтгөл баригдаж байгаа бололтой энд тэндгүй нүх сэндчээд хаячихсныг эс тооцвол бүх юм яг бахь байдгаараа. Бүр метроноос явдаг автобусны дугаарууд хүртэл хэвээрээ байна лээ шүү. Харин багш нар маань л өтөлж өвгөрч зарим нэг нь  хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Үе үеийн МГУ төгсөгчдийн уулзалт 2014 оны 10 сарын 21

Үе тэнгийнхэн мааньолонхи нь доктор профессорууд болчихоод   тэр үү толгой нь ерөнхийдөө халзарч хагдрах маяг оржээ. Бүх зүйл он цагийн хүрдэнд элэгдэж л таараа, гэхдээ л хэзээ ч эргээд очсон төрсөн гэр шиг дотно дулаахнаар угтах  төрөлх сургууль минь.

Ш.Пүрэвсүрэн

“Хорвоогоор аялахуй” номноос