sonin.mn

БЭЭЖИН. /NHK/. АНУ-ын “Sony Pictures Entertainment” кино студийн компьютерт хууль бусаар нэвтрэн кибер халдлага үйлдсэнд Умард Солонгос буруутай болохыг нотлох илүү баримт байх хэрэгтэй гэж БНХАУ мэдэгдлээ.

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин даваа гарагт мэдэгдэл хийхдээ ингэж хэлсэн юм. Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван Игээс энэ халдлагатай холбогдуулан мэдээлэл солилцож, хамтран ажиллахыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хүссэнээс нэг хоногийн дараа ийм мэдэгдэл хийлээ.

Удирдагчийнх нь амь насанд халдаж байгаа тухай кино хийсэнтэй холбоотойгоор Умард Солонгос “Sony Pictures Entertainment”-ын компьютерт хууль бусаар нэвтрэн кибер халдлага үйлдсэн гэж АНУ-ын Засгийн газар үзэж байгаа юм.

БНХАУ кибер халдлага, кибер терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцдэг гэж сайд Ван Игийн хэлснийг албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин давтан хэлсэн.

Гэхдээ манай улс баримт, дотоодын болон олон улсын хуульд тулгуурлан асуудлыг шийдвэрлэнэ гэж Хуа хэлснээс үзвэл, Бээжин Вашингтонтой энэ хэрэг дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа бололтой.

Г.Доржханд

Эх сурвалж:
montsame.mn