sonin.mn

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга О.Магнай өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа зарласан билээ. Үүнийхээ дараа тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөдлөө албан ёсоор өгч, дэд даргадаа ажлаа хүлээлгэж өгөөд явжээ.
Үүнтэй зэрэгцэн шадар сайд У.Хүрэлсүх Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын шинэ даргыг санал болгон, Ерөнхий сайд батламжлах учиртай. Мөн үүнээс гадна Онцгой байдлын Ерөнхий газар,Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий  Газрын дарга нарыг ч өөрчилж, МАН-ын улс төрчдийг томилох гэнэ.


Үндсэндээ МАН-ын хувьд томилгоо бүрт ямар нэг фракцийг давамгайлах байдлаар ханддаг болоод буй. Тухайлбал сайд нарын түвшинд Зүүний Хүчний холбоо буюу У.Хүрэлсүхийн хүмүүс, дэд сайд нарын түвшинд М.Энхболдын хүмүүс буюу хотын фракци голчлон томилогдсон бол агентлагийн дарга нарын түвшинд намын хууччуулаа дэмжих бодлого баримтлах бололтой.
Тодруулбал Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргад Т.Бадамжунай, Л.Амгалан, Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргад Ц.Мөнх-Оргил, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргад Д.Очирбат нар тус тус яригдаж буй аж.


Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргад  яригдаж буй Т.Бадамжунайгийн хувьд  Улаанбаатар хотын Ерөнхий Менежер, УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд “Хадгаламж” банкны мөнгөөр Сөүлд казино тоглосон, ХААЯ-ы Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг завшсан гэх хэргүүдэд нэр холбогдож байсан бөгөөд намынх нь Ж.Сүхбаатар түүнийг “Жинхэнэ авилгын Загалмайлсан эцэг, мафийн толгойлогч. Жунай мангас байсан цагт Монгол улс өөдлөхгүй ” хэмээж байв.


Л.Амгалан нь “Улаанбаатар” сангийн нягтлан, Баянгол дүүргийн засаг даргаар, Ц.Мөнх-Оргил нь Хууль зүйн дэд сайд, сайд, Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн даргаар, Д.Очирбат нь Чингэлтэй дүүргийн засаг дарга, УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан билээ.

Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арай ч Т.Бадамжунайг ШӨХТГ-ын даргаар томилох саналыг хүлээн авахгүй байх магадлалтай бөгөөд энэ тохиолдолд Т.Бадамжунайгийн "гарын хүн" оронд нь томилогдох гэнэ. Ямар ч байсан ШӨХТГ  шууд болон шууд бусаар Т.Бадамжунайгийн мэдэлд ирэх бололтой.


Ч.Явуу