sonin.mn



Удирдлагын Академийн 100 жилийн ой болж байгаа гэнэ. Надад эрдэм шинжилгээний хурлын урилга ирэв. Ямар ч гэсэн тэнд би 2 жил багшилсан юм. Их л том хурал болох бололтой. Ганцхан хоногийн өмнө урилга авсан хүн үг бэлтгэж амжихгүй гэж бодож болохгүй л дээ. Энэ үгийг би маргааш буюу 12 дугаар сарын 23-нд хэлэхийг оролдоно. Том хурал дээр үг хэлэх гэсэн Монголын цол хэргэмтэй мэргэд олон байдаг учраас жирийн судлаач би үг авч чадах эсэх нь их эргэлзээтэй. Ингээд хэлж амжихгүй бол бэлтгэсэн үгээ өгүүлэл хэлбэрээр олон нийтэд хүргэхээр бэлтгэсэн юм…
(Азаар Академийн шинэ удирдлага үг хэлэх боломж олгов.)


Уг нь 1924 оны 4 дүгээр сарын 5-нд Халхын дөрвөн аймаг, шавиас зарлан дуудаж ирүүлсэн 18-30 насны 60 залуучуудаас бүрэлдсэн “Нам, улсын Түр сургууль”-ийг байгуулснаар Удирдлагын Академийн үүслийг тооцдог байсан юм. Жинхэнэдээ бол 1925 оны IY сарын 28-нд Богд хааны зуны Хайстай ордонд буюу яг энд МАХН-ын төв хорооны дэргэдэх “Намын төв сургууль“-ийг нээж энэ Төв сургуульд бүх аймаг, хошууд болон Тагна Урианхай, Баргаас хүрэлцэн ирсэн 130 залуус суралцсан эхэлсэн түүхтэй. Гэтэл яаж яваад 100 жил болсныг би ойлгохгүй байна. Энэ түүх ч яамай. Хамгийн гол нь төр, төрийн удирдлага бүрэн сүйрсэн хамгийн хариуцлагатай үед Удирдлагын Академи “Удирдлагын онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ тохиолдолд баярын хурал хийх үү, тулгамдсан асуудлыг ярилцах уу гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой гэж санана. Яагаад гэвэл шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай байдлыг Шекспирийн алдарт “Орших уу, эс орших уу”-н өмнө байна хэмээн томъёолж байгаа тохиолдолд “ёроолдоо хүртэл” унагахгүйн тулд зөвхөн Та бид л онол практикийн зөв дүгнэлт, гаргалгаа хийх ёстой. Учир нь өнөөдөр энд Монголын оюун сэтгэлгээний бараг бүх элитүүд цуглараад байна.
Ингээд “Монгол Улс хэдэн Засгийн Газартай вэ” сэдвийн хүрээнд манай төрийн удирдлага ямар хэмжээнд хүртэл сөнөснийг харуулахыг хичээе. Энд чинь онол ном яриад байх ямар ч хэрэг байхгүй…
Нэн тодорхой жишээнээс эхэлье гэж бодож байна. 2014 оны хавар Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкнаас 224 сая доллар зээлж авав. Яах гэж авсан гэхээр “УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрэгжүүлнэ гэсэн. Улаанбаатар хот “Чингис” бондын мөнгөнөөс асар их мөнгө авч “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн. Мөн Э.Бат-Үүл 2014 оны 5 дугаар сарын 19-нд 3,9 сая долларын өртөгтэй Railbus хүлээж авсан. Railbus-ын төсөлд гэж нийт 18,4 тэрбум төгрөгийн ажил эхлүүлсэн ба түүний ихэнхийг үрэн таран хийсэн. Одоо Railbus байхгүй. Хогны ногоон уутыг бол бүр яриагүй. Гэтэл энэ нь болоогүй аж.
Улаанбаатар хотын эрх баригчид “Нийслэл” бонд гаргахаар бие даан шийдвэрлэв. Хотын энэ бондын нийт өртөг 400 тэрбум төгрөг. Одоо бүх зүйл нь бэлэн болж Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх л үлдээд байна.


Энэ бондын мөнгөөр Эмээлт, Аргалантын суурьшлын бүсийг байгуулах, Налайхад барилгын материалын үйлдвэр байгуулах, Багануурт парк барих зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн.
Сүүлийн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл унасныг хүн бүр мэдэж байгаа. “Чингис” бондыг 5-6 хувийн хүүтэйгээр гаргаж байсан. “Нийслэл” бондыг 12-13 хүүтэй гаргахгүй бол авах хүн олдохгүй. Энэ бол асар эрсдэл юм. Гэтэл “хатан зоригтой” Улаанбаатарын удирдлага бонд гаргаж зээл авна гэж зүтгэж байна.
Хэрэв Улаанбаатар хот 400 тэрбумын бонд гаргавал хотын нийт өр 800 орчим тэрбум төгрөг болно. “Чингис” бондын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний өрийг Улаанбаатар хот дангаараа үүсгэнэ.


Энэ зун буюу 2014 оны 7 дугаар сарын 24-нд Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Хан-Уул дүүрэг, Эмээлт орчимд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулах, Налайх дүүрэгт “Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цогцолбор” байгуулах тухай асуудлыг шийдвэрлэв.
Энэ шийдвэрийг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэхүү үйлдвэр технологийн паркийн газрын хэмжээг 56.6 га-гаас 214 га болгон нэмэгдүүлж, гэрчилгээ олгожээ. Энийгээ суурьшлын шинэ бүс гэж нэрлэжээ.
Энэ бүтээн байгуулалтыг эхлэхэд дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөс шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэнэ. Урьдчилсан тооцоогоор дэд бүтэц байгуулахад 208,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэхүү ажлыг зохион байгуулах 6 орон тоотой төслийн нэгж байгуулжээ.
Харин Налайхад барилгын материалын нэгдсэн захын зэрэгцээгээр “Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулахаар төлөвлөжээ. Энд бас л орон тооны төслийн нэгж байгуулахаар болжээ.


Үүний тулд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай санал солилцож, хувийн хэвшлийн оролцоотой Удирдах хороо байгуулах нь зүйтэй. Энэ паркийн дэргэд гааль, мэргэжлийн хяналт гээд бусад холбоотой төрийн үйлчилгээг хамт байгуулж нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг байхаар зохион байгуулах нь зөв гэж Нийслэлийн удирдлагын зөвлөл үзсэн байна.
Яахаараа Монголын Төрийн яам орон нутгийн байгууллагатай “нэг цонхонд” ордог байна. Энэ бол Засгийн Газар бол юу ч биш, харин хоёр Засгийн Газар хамтран ажиллах асуудлыг хөндөж байна. Ингэж даварч болдог юм уу ?!
Хамгийн сонин бөгөөд хачирхалтай нь УБ хотын энэ “агуу их төлөвлөгөө” Засгийн Газрын ямар ч баримт бичигт ороогүй байгаад байдагт юм. Ийм тэнэг байж хэрхэвч болохгүй, бас болдоггүй…
Эндээс Монгол Улс хэдэн Засгийн Газартай вэ гэсэн асуулт зүй ёсоор үүсч байгаа юм. Гадаадаас улсынхаа тавьсан өрийн гуравны нэгтэй тэнцэх өр тавьдаг, ДНБ-ийхээ тэн хагастай тэнцэх төслүүдийг дангаараа гаргадаг нутгийн өөрөө удирдах байгууллага гэж энэ дэлхийд байхгүй.
Хэрэв Вашингтоны хотын захиргаа ийм шийдвэр гаргавал АНУ-ын Засгийн Газар түүний байшинг шууд бөмбөгдөх нь гарцаагүй. Хэрэв Москва юмуу Бээжин хот ийм шийдвэр гаргавал хотын захиргааг устгах нь гарцаагүй. Энэ дэлхийн ямар ч улс ингэх нь мэдээж хэрэг.


Улаанбаатар хотын энэ “тэргүүн туршлагыг” аймгууд уухайлан дэмжиж бие даах, тусгаар тогтнох хөдөлгөөн өрнүүлээд тун их удаж байна. УБ хотын байнгын төлөөлөгч суулгах сургаар зарим аймаг гадаадад байнгын төлөөлөгч томилсон тохиолдол хэд хэд гарав. Энд би аймгуудын 9 хөлт цагаан туг, наадам зэрэг “тусгаар тогтнолын” бэлэгдлүүдийг огт яриагүй байна. Энэ бол ерөөсөө утга учраа алдсан.
Үүнээс болж Монгол Улс аймгуудын холбоо маягийн бүрдэл болон хувирч байна. Асуудал нэгдмэл (унитар) Монгол Улс байх эсэх тухай болон хувирч байна. Эдүгээ энэ хорт үзэгдлийг нэн даруй таслан зогсоох ёстой.
Энэхүү хорт үзэгдэл орон нутагт эрх мэдлийг шилжүүлнэ гэсэн уриа лоозонтой. Энэ балай юмыг монголчууд “ардчилал” гэж ойлгодог. Монгол Улсыг аймгуудын холбоо болгон хувиргаж жижиглэн хэрчих хорт бодлогыг Ц.Элбэгдорж олон жил уриалан явуулж байна. Түүний “ухаалаг төр” гэдэг бол хамгийн хорлогчинтой суртал нэвтрүүлэг юм.


Сүүлийн үед Ц.Элбэгдорж гэсэн бас нэг Засгийн Газар гарч ирэв. Энэ талаар би олон зүйл ярьсан болохоор дэлгэрүүлж ярихгүй. Тэр Үндсэн Хуулинд заасан асуудлаас зөрсөн асуудлаар зарчим ярьсаар байгаад Засгийн Газар унагаж байна. Би өмнөх Засгийн Газрыг зөв гээд байгаа юм биш, харин унагасан зарчим нь утгагүй гэдгийг хэлж байна. УИХ-д жил болгон тайлангаа тавь гэж Үндсэн хуулинд заасан байдаг бол Ц.Элбэгдорж 6 жил тайлангаа тавиагүй. Ийм атлаа Засгийн Газрын бүрэн эрхийн асуудал руу өдөр тутам хутгалдан оролцдог. Ийм болохоор нь би түүнийг Засгийн Газар гэж нэрлээд байгаа юм.


Ингээд Монгол Улс жинхэнэ Засгийн Газар, Ц.Элбэгдорж гэсэн Ерөнхийлөгчийн Засгийн Газар, Улаанбаатар гэсэн орон нутгийн Засгийн Газар гэсэн 3 засгийн газартай болоод байна. Үүний дээрээс аймгуудыг нэмбэл ёстой Монгол Улс 20 гаруй Засгийн Газартай болж байгаа юм.
Энэ нь засаглалын эрх мэдлийн хуваарилалт буруу, төвийн болон орон нутгийн эрх мэдлийн харьцаа бүрэн алдагдсан, нутгийн өөрөө удирдах ёс алдарсан, төрийн удирдлага давхардаж, сарнисан зэргийн бодит үр дүн юм. Энэ бол Үндсэн Хуулийн түвшний асуудал юм. Асуудлыг энэ түвшинд шинжлээгүй тохиолдолд төрийн удирдлагын тухай ярих ямар ч боломжгүй.

Манай зарим нөхдүүд элдэв янзийн онол, бас олон янзийн судалгааны дүн ярих гэж байгааг би сайн мэдэж байна. Гэхдээ энэ бүх балиар заваан, хөнөөлт үзэгдэл Та бидний нүдний өмнө болж байна. Энд чинь “онолдоод”, судлаад байх бараг юу ч байхгүй.


Харин Та бид яагаад энэ бүхнийг тэвчээд байгаа юм, яагаад энэ утгагүй байдлыг илчлэн уудалж болдоггүй, яагаад хэлж ярих зориг зүрх байдаггүй юм гэсэн ганцхан асуулт л байгаа юм. Тэрнээс биш би ганцаараа ухаантай болохоороо мэдээд хараад бусад нь огт харахгүй, мэдэхгүй байгаа юм биш л дээ…


Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?