sonin.mn

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар хуулийн төсөлд тусган 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Төслийг хэлэлцэх явцад гишүүд утаат тамхи татахыг хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах тамхи татах цэгийн байршил, төсөв, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар болон аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах цэгийг хэрхэн байгуулах, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс мөнгө гаргах эсэх талаар тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй бөгөөд харин гадаад нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэг байгуулах болбол тус цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн ИТХ шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулсан.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд ажлын хэсэг нэг удаа, ажлын дэд хэсэг дөрвөн удаа хуралдаж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, зарчмын зөрүүтэй 24, найруулгын шинжтэй зургаан саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад хуулийн төслийг “Эрүүл мэндийн даатгалын хууль” гэж нэрлэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалыг албан журмын болон сайн дурын даатгал гэсэн төрөлтэй болгох санал ч дэмжигдсэн юм. Гишүүд Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах Байнгын хороонд шилжүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.