sonin.mn

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагөз, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ли Тэ Ро нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагаатай улсуудын Элчин сайд нартай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, БНТУ, БНСУ-тай батлан хамгаалах салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож ярилцлаа.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагөз Батлан хамгаалахын сайдтай уулзсандаа таатай байгаагаа илэрхийлж, хоёр улсын хооронд хөгжүүлж харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдгийг дурдаад, БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмазын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгох талаар санал солилцлоо.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ли Тэ Ро Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд шинэ ажилд нь амжилт хүсээд ирэх 2015 онд Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 25 тохиож байгаатай холбогдуулан салбарын чиглэлээр зохион байгуулагдах томоохон арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа.