sonin.mn

Загасчны тосгон байсан гэх Сингапурын хөгжлийн загварыг өнөөдөр олон улс хуулбарладаг. Цэвэр усны нөөцгүй, ашигт малтмалын баялаггүй, хүн амын боловсрол сул дорой  ийм улс өнөөдөр дэлхийд тэргүүлэгч улс болоход зөв бодлогыг зөв цагт хэрэгжүүлсний үр дүн гэж тус улсын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю нэгэнтээ хэлсэн байдаг.

Тэр тусмаа дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн хүчирхэг байдлын нэг нууц нь олон улсын шинж чанартай, орчин үеийн дэд бүтэц, өндөр хүчин чадал бүхий худалдааны хилийн боомтуудыг бий болгосон явдал. Сингапурын энэ хөгжлийг эх орондоо хуулбарлаад үсрэнгүй хөгжсөн улс цөөнгүй.

Тухайлбал, БНСУ Пусан, Улсан, Ёосу зэрэг хилийн боомтуудаа хөгжүүлж логистикийн томоохон төвүүдийг байгуулснаар ачаа эргэлтийн хүчин чадлыг хурдацтай нэмэгдүүлж ОХУ болон Японтой хийх худалдаанаас үлэмж ашиг орлогыг олдог.

Манай урд хөрш тэрбум гаруй хүн амтайдаа ч бус зөв бодлогыг зөв цагт нь хэрэгжүүлснээр өнөөдөр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, нийлүүлэгч улс болоод байна.  БНХАУ-ын удирдагч Дэн Сяопины 1980-аад оноос хэрэгжүүлсэн эдийн засгийн нээлттэй хаалганы бодлогын гол цөм нь чөлөөт худалдааны бодлого байсан бөгөөд уг бодлогын хүрээнд худалдааг хөнгөвчлөх, хилээр нэвтрэх бараа эргэлтийг эрс нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилтуудыг дэвшүүлж байв.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх гол механизмыг хилийн боомт гэж тодорхойлон далайн болон бусад бүх төрлийн боомтуудыг нэгдсэн бодлогоор хөгжүүлж, төрөөс үзүүлж буй бүх дарамтуудыг байхгүй болгосон. Боомтуудыг хөгжүүлэхдээ бие даасан статустайгаар бүтээн байгуулалтын бүх эрхийг олгох зарчмыг баримталсан нь ихээхэн амжилтанд хүрсэн байна.

Тянжин, Гуанжоу, Далиан, Санья, Шанхай зэрэг боомтуудыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын үр дүнд өдгөө мега хотууд болон хөгжиж улсын эдийн засгийн томоохон тулгуур болох хэмжээнд хүрээд байгааг бид өөрсдийн нүдээр харж байгаа билээ.  Харин манай улс энэ бүхнийг өнөө хүртэл шийдэж чадаагүй нь зөв бодлогогүй явсных.

Хятад, Орос хэмээх хоёр том гүрний дунд хавчуулагдсан хөөрхий хувь заяа гэхээс илүүтэй асар том боломж, үсрэнгүй хөгжлийг авчирна гэдгийг эдийн засагчид онцолж  байна.  Боомтуудыг хөгжүүлэх алхмууд хийгдэж эхлээд байгаа нь Хилийн Боомтын тухай хууль батлагдсан явдал юм. Олон улсын жишгээс харахад боомтууд нь маш бага төсвөөр хөгжилд нөлөөлж чадах байгууллага гэдгийг онцолдог.

Тэгэхээр өнөөдөр манай улсад биеэ даасан статус бүхий боомтыг байгуулсан нь хожимдсон уу гэхээс эртдээгүй. Харамсалтай нь жил ч хүрэхгүй хугацааны өмнө хуулиа баталж, байгууллагаа байгуулж байсан атлаа өнөөдөр хэдхэн хүний эрх ашгийн төлөө бүхэл бүтэн боомтын байгууллагыг буулгах асуудал яригдаж эхэлж байна. Дэлхийн том том боомтуудтай жишихээ больё гэхэд дэргэд байгаа Эрээний боомт 20 жилийн хугацаанд хэрхэн хөгжсөн дүр зургийг харахад л хангалттай.

Боомтын захиргааны байгууллага нь Засгийн газрын шууд удирдлага дор бодлогоо хэрэгжүүлдэг, орон нутгийн засаг захиргаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудыг боомтыг хөгжүүлэх, хуулийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэгтгэн зангидаж удирдах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна.

Учир нь гааль, хил хамгаалах байгууллагууд нь гагцхүү хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг бол хилийн боомтын байгууллага нь хөгжилд чиглэсэн бодлого, бүтээн байгуулалтыг хийдэг зарчмын том ялгаатай. Мөн нөгөө талаар орон нутгийн сумын засаг захиргаа, гаалийн байгууллага эсвэл хил хамгаалах байгууллага үүнийг хийж хэрэгжүүлэх боломжгүй, тийм чиг үүрэг ч байхгүй, өөрөөр хэлбэл боомтыг хөгжүүлж чадахгүй гэдэг нь өнгөрсөн 25 жилд харагдсан билээ.

Боомтыг боомилох нь хэнд өнөөдөр ашигтай вэ гэхээсээ илүүтэй хэтдээ хэнд хэрэгтэй вэ гэдгийг эрх баригчид эргэн нэг харах нь зүйтэй санагдана. Хэдхэн хүний явцуу эрх ашгийг хямралаар далимдуулан боомтуудыг боомилохыг санаархаж байгааг улсын хөгжлийг ухрааж байгаа увайгүй үйлдэл гэхээс өөрөөр хэлэх үг алга даа.