sonin.mn

Монгол Улсын сайд М.Энхсайхан өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Тавантолгой төсөлд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын явцын талаар мэдээлэл өгчээ. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Дэлхий дээр нийт нэг их наяд 96 тэрбум тонн нүүрс байдаг. Энэ нөөцийн хоёр хувь нь Монгол Улсад байдаг. БНХАУ, ХБНГУ, Австрали, Энэтхэг зэрэг улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг бол Монгол Улс 15 дугаар байрт жагсдаг хэмээн Ерөнхий сайдын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр онцлов.

Тэрбээр, “Сүүлийн үед олон улсын нүүрсний зах зээлд хэд хэдэн улс хүч түрэн орж ирж байна. Тухайлбал, Австрали Улс. Тус улс нүүрсний баялаг ихтэй, олон улсад нүүрс гаргах, дамжуулах дэд бүтцийн салбар өргөн хөгжсөн. Мөн ОХУ-ын “Элга” төсөл 321 км төмөр зам тавьж, БНХАУ-аас хөрөнгө оруулалт авч, 2.2 тэрбум тонн нүүрс дэлхийн зах зээлд гаргахад бэлэн болсон байна. Түүнчлэн Мозамбик, Казахстан, Индонези зэрэг улс нүүрсний салбарын хөрөнгө оруулалтаа нэмсэн. Тиймээс Монгол Улс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглаж, гадаад зах зээлд эзлэх байр сууриа тогтвортой болгох хэрэгтэй. Энэ төсөлд Монгол, БНХАУ, Япон улсын хамтарсан консерциумтай гэрээ байгуулахаар ярилцаж байна. Засгийн газрын зүгээс тус консерциумд Тавантолгой төсөлд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын сайд М.Энхсайханд даваа гараг бүрийн Засгийн газрын хуралдааны үеэр Тавантолгой төсөлд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болгосон” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: