sonin.mn

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенц болон Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

 Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88 дугаар конвенцид хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны нөхцөл шаардлага, тогтвортой байдал, мэргэжлийн ур чадварын шалгуур зэргийг тогтоосон байдаг. Мөн хөдөлмөр эрхлэлтийн төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, нийгмийн түншлэлийн оновчтой бүтцийг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог хангах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ. Хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 1948 онд баталсан энэ конвенцид өдгөө дэлхийн 89 орон нэгдэн орсон байна.

Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181 дүгээр конвенцид хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын ажиллах боломж, нөхцөл, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Тус конвенцид Монгол Улс нэгдэн орсноор хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгуууллагын нэр томьёо, чиг үүрэг, хөдөлмөрийн зах зээл дэх үүрэг оролцоо, хариуцлага зэрэг үйл ажиллагааны талаарх эрх зүйн нэгдсэн зохицуулалт, бүртгэл, төр, олон нийтийн хяналт, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх боломж бүрдэх юм байна. Энэхүү конвенцийг 1997 онд баталсан бөгөөд одоогоор 28 улс нэгджээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.