sonin.mn

Монголын компаниудыг жижиг, том гэж ялгаварлахгүйгээр, тэдэнд нэг гараанаас гарах боломж олгож, санхүү, бүртгэлийн системээ шинэчлэхэд төр дэмжих хэрэгтэй болжээ. Үүнтэй улбаалаад Монгол Улс татварын зөв, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд Эдийн засгийн ил тод байдлын хуулиа эхлээд баталж, сүүлийн хоёр жил ам.долларын ханшид байдаг ашгаа "гөвөөд" байгаа бизнесийнхэндээ нэг удаагийн боломж олгоно гэдэгт бодлого боловсруулагч улстөрчид шийдвэр гаргах цаг иржээ.

Төр, засаг ААН, компаниудаа нэг гараанаас хөдлөх боломжийг л олгочихвол эдийн засгийн хямралыг бизнесийнхэн тэртээ тэргүй нуруун дээрээ үүрээд гарах юм. Түүнээс нэг хэсгийг нь хөхиүлэн дэмжээд, нөгөө хэсгийг нь дарж, нухчаад байж болохгүй. Манайд өмнө нь    гарсан Татварын өршөөлийн хоёр ч хуульд ААН, хувь хүн, аль алиныг нь 100 хувь хамруулж чадаагүйгээс олон боломжоо алдсан.

Нэг үе эдийн засаг 17 хувь хүртэл өсөхөд өршөөлд хамрагдаагүй этгээдийн орлого хоёр дахин багасч, нэг    тайлан баланстай    болж хамрагдсан хүмүүс санхүүгийн эрх чөлөөгөө эдлээд орлого нь 3-5 дахин нэмэгдсэн. Тэр үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарсан. Ингэснээр эдийн засаг өссөн. Гэтэл дараа нь тэр мөнгө хаачсан бэ. Яагаад мөнгөгүй болов гэдэг асуулт тавигдсан. Гаднаас орж ирж байгаа бонд, зээлийн мөнгө, эсвэл макро эдийн засгийн гол амжилтыг микро эдийн засаг шингээдэг зүйл нь санхүү байдаг юм.

Өршөөлийг бүрэн ашиглаж чадаагүйгээс их мөнгийг шингээх хөрсгүй болчихсон. Ил тодын хууль үүнийг одоо шийднэ. Ингэснээр актив хөрөнгө доод тал нь 7-8 их наядаар өснө. Ийм мөнгө бий болсноор өрийн тааз автоматаар 2-3 их наядаар өсөх зай гараад ирнэ. Энэ орон зайд Ерөнхий сайд ажил хийж болно шүү дээ.

-Ил тод байдлын хууль компаниудыг үнэгүйдэхээс сэргийлэх юм. Ер нь хямралд үндэсний баялаг үнэгүйднэ. Үндэсний баялаг чинь компаниудад байгаа шүү дээ. Хямралын үед үйл ажиллагаа нь суларсан компаниудыг дампууруулах, худалдаж авах замаар компанийн эзэд нь гадных болох магадлал бий. Ялангуяа уул уурхайн салбарт. Үнэндээ манайд уул уурхай, барилгад бүх мөнгө орчихсон шүү дээ. Валютын 80 хувь нь дээрх салбарт шингэсэн. Одоо төрийн бодлого байшин барьж гүйхээс илүү дөрвөн их наяд төгрөгийн барилгыг яаж хурдан худалдаанд оруулж мөнгө болгох гэдэгт чиглэх ёстой.

Ил тод байдлын хууль гарснаар төрөөс хийж байгаа хяналт шалгалтууд бүгд шилэн данс шиг ил болно. Ер нь төрийн хяналтын механизмыг ашиглаж буруу гарын нөхөд
нэгнийгээ устгахад их хэрэглэдэг. Энэ нь манайд Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллагуудаар дамжин их гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, яамдад хэдэн компанийн нөхөд суучихаад тэдний эрх ашгийн төлөө өрсөлддөг зүйл хавтгайрсан.    

Төрийг буруу өрсөлдөөндөө ашиглаад эхэлсэн. Энэ нь төрд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, төрийн механизм нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг хамгаална гэсэн зохицуулалт байхгүйтэй холбоотой юм. Ил тодын хууль гарснаар санхүүгийн шинэчлэл хийгдэнэ. Санхүүгийн бичил компаниуд гарч ирэх боломжтой. Ингэснээр хүн бүр оногдсон ажлаа хийдэг болно.

Тэгэхгүй бол манайд гутал хийж байгаа хүн санхүүгийн бүртгэлд уначихдаг. Тэгээд нягтлан нь буруу тайлан гаргасан бол Эрүүгийн хуулиар өмнөөс нь хариуцлага хүлээгээд шоронд яваад өгдөг. Энэ бол санхүүгийн эрхзүйн орчин манайд "түүхийг" харуулж байгаа хэрэг. Улсын хэмжээнд 400 санхүүгийн компани гарчихад жижиг компаниуд очоод тайлангаа өгөөд хийлгэчихдэг хялбар болно.

Тэдгээрийг нь аудит, бас татвар хянана. Ингээд НӨАТ-ын систем зөв ажиллаад ирэх юм бол орлогоо нуусан этгээд дээр шалгалт ордог болно. Бид ийм зам руу явах хэрэгтэй.

Одоо, эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед татварын хуулийг дахин шинэчилж илүү нарийн зохицуулалт хийж өгөх ёстой байна. Ингэвэл манай бүх компани санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Санхүү зөв гольдролдоо ороод явахад мөнгөнөөс мөнгө бий болгоно. Санхүү гэдэг бол хувийн өмч, харин өмчийг хамгаалдаг зүйл бол санхүү байдаг, санхүүгээр дамжин нийтийн өмч хувийнх, хувийн өмч нийтийнх болох ч явдал бий. Үүнд зөв бодлого гаргаж баримтлах нь хамгийн чухал явдал юм.

Шинэ бодлого, гарааны дараа нэг тайлан балансад орохын ашиг тус асар их юм. Хамгийн наад зах нь янз бүрийн мөнгийг ашиглах эрх нээгдэнэ. Компаниуд нэг тайлантай болсноор өөрийн бүх эргэлтийн хөрөнгөө мэддэг болно. Тухайн компанийн актив хөрөнгө тэр чигтээ өснө. Ингэснээр банк, эсвэл сангуудаас зээл авч болно.

Одоо Ил тодын болон Эдийн засгийн өршөөлийн хуулиуд батлагдаж гараад санхүүгийн    тогтолцоо шинэчлэгдээд явбал компанийн засаглалын асуудал дахин шинээр хөндөгдөх байх. Манай ААН, компаниуд санхүү, татварын хуучирсан, буруу тогтолцооноос үүдэлтэйгээр жижгэрсээр ирсэн. Нэг ёсондоо томорч дэлхийд гарах ёстой байтал мөхөөд ирсэн. Өөрөөр хэлбэл, манай баялаг бүтээгчид татварын байцаагчид, мэргэжлийн хяналтынхан, бас хуулийнхны гарт орсон гэсэн үг.

Нэг цагдаа ирээд “Та татвараа нуусан байна, тэдийн тэд, тэдэн жил” гээд мөнгө нэхэх нь энүүхэнд. Хэрэв шүүхийн шийдвэр гараагүй байхад Эрүүгийн хэргийн зүйл ангиар хүнийг айлгана гэдэг өөрөө Эрүүгийн хэрэг . Дээрх олон асуудлыг өөрчилж, эдийн засгийг зөв гольдрилоор нь хөгжих боломжийг олгохын тулд шударга өрсөлдөөнийг бий болгож, бүгдийг нь нэг гараанаас хөдөлгөх хэрэгтэй байгаа юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав