sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. 2019 он гэхэд дэлхийн ажилгүйчүүдийн тоо 212 сая болж өснө. Ийм урьдчилсан таамгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Швейцарийн Женев хотод нийтлэгдсэн “Дэлхийн хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн хэтийн төлөв: 2015 оны чиг хандлага” тайланд дэвшүүлжээ.

Судалгааг явуулсан мэргэжилтнүүдийн тэмдэглэж буйгаар, удааширсан өсөлт, орлогын ялгаа нэмэгдэж байгаа болон даамжирч буй тогтворгүй байдал зэрэг дэлхийн эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйл ойрын жилүүдэд ажилгүйдлийн түвшин өсөхөд нөлөөлнө. “2008 онд хямрал эхэлснээс хойш 61 сая гаруй ажлын байр үгүй болсон бөгөөд бидний урьдчилан таамаглаж буйгаар, энэ арван жилийн эцэс хүртэл ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байна” гэж Олон улсын хөдөлмөрийн товчооны ерөнхий захирал Гай Райдер тайланг танилцуулахдаа мэдэгдсэн байна. “Хөдөлмөр эрхлэлтийн хямрал дуусах болоогүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Шинжээчид Өмнөд Ази болон Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнуудын байдалд илүү их түгшиж байна. Эдгээр бүс нутагт “эмзэг” ажлын байрны дөрөвний гурав нь ногдож байгаа аж.

Арабын орнууд болон Латин Америкийн зарим орны урьдчилсан таамаг сүүлийн үед эрс муудсан байна. Нефтийн үнэ эрс буурсан нь “хөгжиж буй эдийн засагтай орнуудад болон Азийн зарим улсад” ажил эрхлэлтийн түвшин өсөхөд олон талаар нөлөөлж магадгүй аж. Үүний сацуу Латин Америк, Африк болон “Арабын бүс нутгийн” нефть, хий олборлогч орнуудын хөдөлмөрийн зах зээл гүн хямарна. Хямралд 15-24 насны залуус илүү ихээр өртжээ.  Энэ насны залуусын дунд ажилгүйдлийн түвшин 2014 онд 13 хувьд дөхсөн бөгөөд ойрын жилүүдэд өссөөр байх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, хижээл насны хөдөлмөр эрхлэгчид 2008 онд эхэлсэн хямралыг “харьцангуй сайн” даван туулж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг