sonin.mn

2014 оны 12 дугаар сарын 26-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын цэргийн номлолын тухай" шинэ зарлигт гарын үсэг зурлаа.

Аливаа улс орны “Цэргийн номлол’’-ыг тухайн улс орны төрөөс батлан хамгаалах (цэргийн аюулгүй байдлын) талаар баримтлах бодлогын тунхаг гэж товчхоноор томъёолж болох юм. Энэ нь тухайн улсын төрийн цэргийн байгуулалт ямар байх, Зэвсэгт хүчнийг болон улс орныг бүхэлд нь дайнд хэрхэн бэлтгэх, дайныг ямар арга хэлбэрээр явуулж болох чиглэлийг тогтоосон, албан ёсны үзэл баримтлал, байр суурийг илэрхийлсэн, төр нийгмийн байгуулалтыг бүхэлд нь хамарсан цогц систем байдаг.

Цэргийн номлолын үндсэн заалтуудын утга агуулга нь тухайн улсын улс төр, нийгмийн байгуулалтын байдал, шинжлэх ухааны хөгжлийн төвшин, үйлдвэрлэх хүчний чадвар, тухайн цаг үед үүсэж болзошгүй дайны шинж чанар зэрэг олон хүчин зүйлээс хамааран бий болж, бас өөрчлөгдөж байдаг.

Батлан хамгаалах талаар баримтлах албан ёсны үзэл баримтлалын ийм баримт бичгийг дэлхийн улс орон янз бүрээр нэрлэдэг. Тухайлбал, ОХУ, Беларус, Казахстан зэрэг улс “Цэргийн номлол’’, БНХАУ “Батлан хамгаалах номлол”, АНУ “Үндэсний аюулгүй байдлын стратеги”, “НАТО-гийн стратегийн концепц” зэргээр нэрлэж байна. Дэлхийд цэрэг зэвсгийн хувьд хүчирхэг гүрнүүдийн нэг болох ОХУ одоогоос 5 хүрэхгүй жилийн өмнө баталсан цэргийн номлолдоо нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэх болсон шалтгаан юу байв гэдэг нь аль ч улс орны сонирхолыг зүй ёсоор татах асуудал мөн.

ОХУ цэргийн номлолоо эргэн харж, тодотгол хийж, нэмэлт өөрчлөлт оруулах болсон гол шалтгаанаа:

1. Украинд болон түүний эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлууд, түүнчлэн Умард Африк, Сири, Ирак, Афганистанд болж байгаа цэрэг-улс төрийн байдал,

2. НАТО цэргийн эвслээ өргөжүүлэх замаар ОХУ-ын хил залгаа улс орнуудын нутагт давшилтын хүч хэрэгслээ зузаатгаж, пуужингаас эсэргүүцэн хамгаалах өргөн хүрээтэй системийг дэлгэн байгуулахын зэрэгцээ ОХУ-д улс төрийн болон цэргийн дарамт үзүүлэх болсон,

3. Дэлхийн тэргүүлэх зэргийн хөгжилтэй улс орнууд өөрсдийн эрх ашгаа “шууд бус” замаар, өөрөөр хэлбэл, ард олны эсэргүүцэл, хэт туйлшрагч, хэт даврагч байгууллагууд болон цэргийн зориулалттай хувийн компаниудыг ашиглаж хамгаалах явдал давамгайлах болсон зэргээс үүдэлтэй хэмээн хэвлэл мэдээллээр тайлбарлаж байна.

ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн мэдэгдлээс үзэхэд, цэргийн энэ шинэ номлолд “Хориглон хамгаалах зарчим”-ыг хэвээр үлдээсэн гэдгийг дурьдаад, аливаа түрэмгийллийн заналхийлэлд ОХУ-ын зүгээс авч хэрэгжүүлсэн хүчний бус арга хэрэгслүүд үр дүнгээ өгөхгүй болсон зөвхөн тэр тохиолдолд л ОХУ цэргийн хүч хэрэглэх болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Цэргийнэнэ номлолын үндсэн ойлголтод (8) “Дайчилгааны бэлэн байдал”, “Цөмийн бус тогтоон барих систем” гэсэн хоёр томъёоллын тайлбарыг шинээр нэмж оруулсан байна. Үүнээс “Цөмийн бус тогтоон барих систем” гэдгийг “ОХУ-ын эсрэг түрэмгийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх гадаад улс төрийн, цэргийн, цэрэг-техникийн арга хэмжээнүүдийн цогц юм” гэж тайлбарлаад түүнийг цэргийн ерөнхий зориулалтын хүч хэрэгслийн байлдааны бэлэн байдлын өндөр зэрэглэлийг хангах замаар хэрэгжүүлэхээр заажээ.

Мөн цэргийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг тогтоон барих талаар ОХУ-ын баримтлах үндсэн чиглэлүүдэд зарим нэмэлт оруулж, илүү тодорхой болгосон байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчин, бусад цэрэг, холбогдох байгууллагуудын үндсэн чиг үүрэгт Агаар-сансраас хориглон хамгаалах, Хойд туйлд ОХУ-ын үндэсний ашиг сонирхлыг хангах, Зэвсэгт хүчний дэд бүтцийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар хариуцах нэмэлт заалтуудыг тусгажээ.

“Цэргийн аюул, цэргийн заналхийлэл” гэсэн 2-р бүлэгт орчин үеийн дэлхийн хөгжил чухам юугаар тодорхойлогдож байгааг (9) дурьдаад, гадны цэргийн аюул, заналхийлэл ОХУ-ын дотоодын хүрээ рүү, мэдээллийн орчин руу шилжин орох хандлага ажиглагдаж байгааг цохон тэмдэглэсэн байна.

“Гадаадын цэргийн үндсэн аюул” гэсэн 12-р зүйлийн заалтуудад дөрвөн нэмэлт оруулснаас гадна шинээр 4 заалтыг нэмж тусгажээ. Энэхүү оруулсан дөрвөн нэмэлтэд, ОХУ-тай хил залгаа болон түүний холбоотон улс орнуудын нутаг дэвсгэр дээр НАТО гадаадын цэргийн бүлэглэлийг байрлуулахдаа ОХУ-д улс төрийн болон цэргийн шахалт дарамт үзүүлэх болсон (12в) тухай, мөн стратегийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг бий болгож, дэлгэн байрлуулах хүрээнд “өргөн цохилт"-ын зарчимыг хэрэгжүүлэхийг чармайж байгааг (12г) нэмж дурьджээ.

НАТО НҮБ-ын болон олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээг зөрчиж, ОХУ-тай хил залгаа улсаас гадна түүний холбоотон улс орнуудын нутаг дэвсгэрт цэргийн хүч хэрэглэвэл (12з) ОХУ түүнийг гадаадын цэргийн үндсэн аюул хэмээн үзэж, хариу арга хэмжээ авахаар тусгажээ. Түүнчлэн, ОХУ-ын болон түүний холбоотон улс орнуудын хил орчимд байрлаж байгаа гадаадын цэргийн зориулалттай хувийн компаниудын явуулж буй үйл ажиллагааг ч энэ зүйлийн 12л заалтад нэмж оруулжээ.

12-р зүйлд шинээр нэмж оруулсан 4 заалтын хувьд: Тэрс үзэл (терроризм)-ийн өсөн нэмэгдэж байгаа заналхийлэл, терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагаа хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд түүний улам бүр даамжирч байгаа байдал, цацраг идэвхт болон химийн хорт бодис ашиглан үйлдэх террорист халдлагын бодит заналхийлэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, юуны өмнө зэвсгийн болон хар тамхины хууль бус эргэлт (12к), Мэдээлэл харилцааны технологийг цэрэг-улс төрийн зорилгоор, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд харш, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг чиглэгдсэн, олон улсын энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн болон даян дэлхийн тогтвортой байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулахад ашиглах (12м), ОХУ-тай хил залгаа улс орнуудад бий болгосон дэглэм, түүний дотор төрийн хууль ёсных нь эрхийг түлхэн унагах замаар тогтоосон дэглэмийн зүгээс явуулж буй бодпого ОХУ-ын ашиг сонирхолд заналхийлэхээр болвол (12н), түүнчлэн гадаадын улс орнуудын тусгай байгууллага, албад, тэдний түншүүдийн зүгээс ОХУ-ын эсрэг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулах (12о)-ыг тус тус гадаадын цэргийн аюулд тооцохоор тусгасан байна.

ОХУ-ын дотоодод    үүсч болзошгүй цэргийн аюулд: хүн амын, ялангуяа залуусын дунд түүх соёл, үзэл бодол, эх оронч уламжлалын талаар хагалан бутаргах зорилгоор ухуулга сурталчилгааны үйл ажиллагаа явуулах (13в), үндэс угсаагаар ялгаварлах болон шашны ялгаа, үзэн ядалт, дайсагналыг дэвэргэх, үндэстэн хоорондын болон нийгмийн хурцадмал байдлыг хөөргөж өдөөн турхирах (13г) явдлыг оруулжээ.

Цэргийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, тогтоон барих үйл ажиллагаа (21)-ны хүрээнд: ОХУ-ын талаас БРИКС-ийн орнууд (Бразил, ОХУ, БНЭУ, БНХАУ, ӨАБНУ)-тай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх (21ж), Абхаз болон Өмнөд Осеттэй харилцаагаа хөгжүүлэх (21з), мөн “Бактериологийн (биологийн), токсины зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх,    хуримтлуулахыг хориглох, түүнийг устгах тухай” Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардагдах олон улсын механизмыг бий болгож дагаж мөрдөхийг үйл ажиллагааныхаа чиглэлийн нэг болгохоор (21с) оруулжээ.

Пуужингийн болзошгүй заналхийллийн эсрэг хоёр талын    болон олон талын хамтын ажиллагааны харилцан ашигтай механизмыг бий болгох, шаардлагатай    тохиолдолд пуужингаас эсэргүүцэн хамгаалах хамтын системийг оросын талын тэгш эрхт оролцоотойгоор байгуулах (21л) боломжийг цэргийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хамруулсан байна.

Энэхүү номлолын нэг онцлог зүйл нь “...Хилийн чанадад оршин суугаа иргэдээ хамгаалахад ОХУ Зэвсэгт хүчнээ ашиглах эрхтэй” (23), “... түүнчлэн ОХУ-ын эсрэг ердийн зэвсэг хэрэглэсэн түрэмгийллийн улмаас төр улсын оршин тогтнол аюулд нэрвэгдэхэд хүрвэл ОХУ цөмийн зэвсэг хэрэглэх эрхийг өөртөө үлдээнэ’’ (27) гэж түрүүчийн цэргийн номлолдоо анх оруулсан заалтуудаа хэвээр нь үлдээсэн явдал юм. ОХУ-ын цэргийн номлолд 2010 онд анх тусгагдсан энэхүү хоёр заалт тухайн үед олон улсын хэмжээнд дуулиан тарьж байсан юм.

Зэвсэгт хүчин болон бусад цэргийн тайван цагийн үндсэн чиг үүрэг (32)-т: ОХУ-ын нутаг дэвсгэр дээр терроризмтэй тэмцэх, хилийн чанадад олон улс дамнасан террорист үйлдлийг таслан зогсоох (32о), хойд туйлд ОХУ-ын үндэсний ашиг сонирхлыг хангах (32у) асуудлыг нэмж тусгасан байна.

Цэргийн болон хүн амын хими, радиац, биологийн хамгаалалтын системийг боловсронгуй болгох (35о) нь цэргийн байгуулалтын хөгжлийн хүрээнд анхаарах асуудлын нэг гэж үзжээ.

Зэвсэгт хүчин, бусад цэрэг болон холбогдох байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг идэвхтэй хангах (39 м) явдал нь тэдний хөгжлийн чухал хүчин зүйлийн нэг гэж үзсэн байна.

Дайчилгаа зарлах үед Зэвсэгт хүчинд шилжүүлж өгөх, эсвэл ОХУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж болохуйц тусгай зориулалтын анги, байгууллагыг шинээр бий болгох (42г) асуудлыг дайчилгааны бэлтгэлийн үндсэн чиг үүрэгт нэмж тусгажээ.

Өндөр цэцтэй зэвсгийн шинэ загвар, агаар-сансраас хамгаалах хэрэгсэл, холбоо, тагнуул, удирдпага, РЭТ-ийн систем, нисэгчгүй нисдэг төхөөрөмж, цохилтын роботжуулсан цогцолбор, орчин үеийн тээврийн нисэх онгоцны комплекс, цэргийн алба хаапц нэг бүрийн хамгаалах хэрэгслийг шинээр зохион бүтээх (46е) нь Зэвсэгт хүчин, бусад цэргийн хангалтын чухал хэсэг болно гэж үзсэн байна.

Цэргийн    номлолын шинэчилсэн найруулгад ОХУ- ын Батлан хамгаалахын цэрэг-эдийн засгийн хангалтын талаар нэмэлт тодруулга хийж, түүндээ Батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор (БХАҮЦ)-ын цаашдын хөгжлийн үндсэн тулгуур хүчин зүйл нь цэргийн зориулалтын бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байлдааны зэвсэг техникийн тасралтгүй шинэчлэлийн системийг бий болгох явдал (53к) юм гэж үзжээ.

ОХУ-ын цэргийн шинэ номлолтой холбоотой гарсан мэдээллээс үзэхэд, НАТО өнөөдөр байлдааны зэвсэг техник болон бие бүрэлдэхүүний хувьд ОХУ-аас 4,5 дахин давуу байдалтай байгаа учраас НАТО ОХУ хоёрын цэргийн хүчний бодитой тэнцвэрийг бий болгохын тулд ОХУ тактикийн цөмийн зэвсгээ ашиглах зарчмаа эргэн харж, түүнийг хэрэглэх чиг үүрэг бүхий цэргийн бүтэц зохион байгуулалтаа ч нарийвчлан авч үзэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй байна гэж ОХУ-ын цэргийн зарим шинжээчид тэмдэглэсэн байна.

“Хүйтэн дайн”-ы үед НАТО-гийн гишүүн орон 12 байсан бол одоо 28 болтлоо хүрээгээ тэлэн өргөжсөний дотор хуучин “Варшавын гэрээ"-ний гишүүн байсан орнууд, тэр үеийн “социалист” гэж нэрлэгдэж байсан улсууд, мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн улс НАТО-гийн гишүүн болсон. Одоо Украйн, Гүрж ч тийшээ санаархаж байгаа. Мөн НАТО-гийн гишүүн болоогүй ч хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Армен, Азербайжан, Кыргиз, Молдав, Туркмен, Узбекистан, Тажикстан, Беларус улсууд НАТО-той “Энхийн төлөө” түншлэлд нэгдсэн.

НАТО олон улсын эрх зүйн хэм хэмжээг илт зөрчин байж санаснаа гүйцэлдүүлдэг болсны зэрэгцээ цэргийн эвслээ бүх чиглэлээр өргөжүүлж, хүрээгээ тэлж, оросын нутаг дэвсгэрт тулж, бүр хил залгаа болж байгаа нь ОХУ-ын аюулгүй байдалд ноцтой аюул заналыг бий болгож байна гэж үзээд тайван цагт болон зэвсэгт түрэмгийллийн шууд заналхийлэл, дайны цагийн байдалд Зэвсэгт хүчин, бусад цэргийн гүйцэтгэх үндсэн чиг үүргээ ОХУ эргэн харж цэргийн энэ шинэ номлолдоо нарийвчлал тусгасан байна.

ОХУ олон улсын холбогдох эрх зүйн хэм хэмжээг мөрдлөг болгож, цэргийн шинэ номлолдоо “Хориглон хамгаалах зарчим”-ыг урьтал болгосны зэрэгцээ улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудалд урьд урьдынхаас илүү сонор соргог, эмзэг, мэдрэмтгий хандаж, ОХУ-д шууд төдийгүй түүнтэй хил залгаа улс орон, бүс нутагт болон дэлхийд цэрэг-улс төрийн байдал хурцдаж ОХУ-ын аюулгүй байдалд аюул занал учруулахуйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд өөрийн орны аюулгүй байдлыг цэргийн хүч хэрэглэн хамгаалах талаар хэлбэрэлтгүй бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авахаар болж байгааг энэхүү баримт бичгийн үндсэн заалтууд болон шинээр нэмж оруулсан зүйл заалтууд харуулж байна.

Цэргийн ухааны доктор (РН.О), бэлтгэл бригадын генерал М.Хүрлээ
Эх сурвалж: "Соёмбо"