sonin.mn

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улстөрчид төсөв гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Харин олон нийт цалин, хөлсөө ч авч чадахгүй хүнд байдалтай байна. Та бусад гишүүдийг бодвол иргэдтэй их ойр ажиллаж, амьдардаг гэдэг утгаараа асуудлыг илүү мэдэрч байгаа болов уу?

-Жил бүрийн төсвийг хэлэлцэн баталсны дараа, оны эхний сард цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжүүд олгог­­дохгүй, бараа, үйлчилгээ үзүүлсний төлбөр тооцоо хийгдэхгүй байна гэх зэрэг асуудал гардаг байсан. Энэ нь өмнөх оны тайлан болон аливаа орлого, зарлагын гүйлгээ шилжигдэж амждаггүйтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээлт үүсгэдэг байлаа. Харин энэ жилийн хувьд улстөрийн шалтгаантайгаар, засаг, төр дахин эмхлэгдэн зохион байгуулагдсан, намуудын харилцан зөвшилцөл үр дүнд хүрэхгүй байгаа зэр­­гээс үүдэлтэйгээр хөрөнгө санхүүтэй хол­­боотой бүхий л асуудал хүлээгдэж байна. Өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол түмний их баяр наадам цагаан сарыг тохиолдуулан хямдралтай худалдаа зохион байгуулж байна гээд байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь бодит байдалд нийцэхгүй, бизнесийн байгууллагууд ашгаа тооцож гаргасны дараах байдал учраас иргэдэд хэцүүхэн л байх шиг байна. Өмнө нь иргэд яаж ийгээд зохицуулаад болоод байдаг байсан. Энэ удаа худалдан авах чадвар эрс муудчихлаа. Энэ бол эдийн засаг тогтворгүй байтугай бүр сульдчихсан, валютын ханш бидний хүссэн хэмжээнд хүртэл буухгүй, үнийн хөөрөгдөл тэнгэрт гарчихсантай л холбоотой.

Тэр ч байтугай захын гэр хорооллын дэлгүүрүүдээр өрийн сүлжээ үүсчихсэн байна. Иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтрээ дэлгүүр барьцаалж, хоол хүнсээ залгуулж байна. Үүнийг дагаад жижиг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, түрээслэгчид түрээсийн өрөнд орж, зээлээ төлж чадах­­гүй ажил­­гүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нэгэнт бизнес нь цааш үргэлжлэх боломжгүй, үйлчлүүлэгч нар нь бэлэн мөнгөний худалдаа хийхгүй, төгрөгөөр үйлчлүүлэхгүй болохоор тухайн хүн түрээсээ төлөх боломжгүй болж байна. Энэ мэтээр цайны газар, үсчин, дугуй засвар, авто угаалга, хүнсний дэлгүүрүүд олноороо хаагдлаа.

Уг нь энэ хүмүүс маань өөр, өөрсдийнхөө амьдралыг аваад явчихдаг, өөртөө ажлын байр бий болгочихсон байсан юм шүү дээ. Тэгэхээр улстөрчид нэмэр болохгүй хэрнээ нэрмээс болж, эдийн засгийн хямрал руу хөтөлж оруулсны гайгаар тэд амьдрах баталгаагүй болж эхэллээ. Бид хэмнэнэ, бүсээ чангална гээд л байгаа. үнэндээ монголчууд бүсээ чангалаад, банк, барьцаалан зээлдүүлэх газраас эхлээд хүнс, барааны дэлгүүрт хүртэл өртэй болчихсон, товчхондоо хэцүүдэх нь.

-Энэ хүнд байдлаас хэрхэн гарах вэ. Уг нь эвлэлдэн нэгдэж байгаад эдийн засгаа өндийлгөөд, босгоод ирнэ гэж Засгийн газраа хамтран байгуулсан биз дээ?

-Хамгийн гол арга зам нь эв нэгдэл, хамтын ажиллагаа. Өөрөөр хэлбэл их эвслийн, шийдлийн гээд янз бүрээр тодорхойлон Засгийн газраа байгуулсан бол оролцогч, бүх нам, улстөрчид аливаад хариуцлагатай хандах ёстой. Угаасаа ард түмнээ ядууруулъя гэдэг бодлоготой нэг ч нам байхгүй. Жишээлбэл манай намын тухайд л гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “чинээлэг амьд­­ралтай дундаж давхаргыг бий болгоё” гэж дэвшүүлж байсан. Тиймээс өөр өөрсдийн мөрийн хөтөл­­бөртөө тус­­гасан ард иргэдийн сайн, сайхан амьдралын төлөө нам болоод амин хувийн эрх ашгаа хойш тавиад урагшлах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр ам, ажил хоёр нь алд, дэлэм зөрөөд яваад байж болохгүй. Улстөрийн тодорхой нөх­­цөл, шаар­­длага, болзлууд тавьчихаад, тэр нь шийдэлд хүрэхгүй болохоор гацаа үүсгээд байна. үүнийгээ л больчих хэрэгтэй.

-Өнөөгийн парламентад жил гаруйхны л хугацаа үлдэж байна. Тухайлбал танай нам, эвсэл үлдсэн хугацаанд мөрийн хөтөл­­бөртөө тусгасан “чинээлэг амьдрал­­тай дундаж дав­­харгыг бий болгох” сайхан үгээ биелүүлэх боломж байна уу. Дундаж давхаргынхан өөдлөх бус бүр уруудчихлаа шүү дээ?

-Уг нь Засгийн газраас иргэдийг амьжиргааны түвшнээр нь бүлэг болгон хувааж, тухайн зорилтот бүлэгтээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг барина гэсэн шийдвэр гарсан. Би тухайн үед нь анхааруулж хэлсэн. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэг гэдгээ яаж тодорхойлсон юм бэ. Өнөөдөр орон гэртэй, машинтай өрхийн амьдралын түвшинг хэрхэн тодорхойлсон бэ гэдийг асууж байсан. Учир нь ийм өрхүүдэд нийгмийн халамжийн бодлого үйлчлэхгүй гэвэл өрөөсгөл ойлголт болчихно. Тухайн хүн тансаг хэрэглээндээ бус зүгээр л амьдралын нөхцөл, шаардлагаар цлиндрийн багтаамж багатай машин лизингээр эсвэл өөр ямар нэгэн зээлээр авч унаж байгаа. Машин бол хэрэгцээ хангадаг хэрэглээ болчихоод байгааг хэн ч ойлгоно.

Гэтэл цалингаасаа зээлээ төлнө, үлдсэнийг нь ахуйдаа хүргэх гэж чармайж байгаа тэр өрх нийгмийн халамжаас хасагдах ёстой юу. Зарим хүн заавал өр тавьж машин авах шаардлага юу байна гэдэг юм. үнэндээ манай өнөөдрийн нөхцөл байдал хэцүү шүү дээ. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу. Ажлын байртайгаа ойрхон газар хүүхдүүдээ сургаж, хүмүүжүүлж байна. үүний тулд гарцаагүй машин хэрэгтэй болж байгаа өрх өчнөөн олон бий. Энэ болгоныг бодолцож үзэх ёстой. Тиймээс тухайн өрхийг үзэмжээр бус бодит байдлаар нь үнэлэмж тогтоосон шалгуурыг хэр хангасан бэ гэдгийг би асууж байсан. Одоо бол дундаж давхаргынхан өөрийн тань хэлснээр доошоо унахад бэлэн болсон.

Манай намын хувьд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн тавьж байгаа ч төдийлөн амжилттай хэрэгжиж чадахгүй байна. Эвсэл маань 11 гишүүнтэй байснаас нэг нь АН-д орсон. Тэгэхээр бидний хувьд 76-гийн 10 гишүүн гэдэг байнгын хороодод л гэхэд заримд нь байхгүй шүү дээ. Тиймээс эвслийн бодлого хэрэгжих нөхцөл боломж бага байна. Засаг, төрд хамтарна гэдэг мэдээж нийгмийн сайн, сайхны тусын тулд гэхээр ард иргэд, хүний хөгжил рүүгээ чиглэсэн мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ гэсэн үг. үүний тулд алдаатай бодлогоо засаад, онож байгааг нь дэмжиж, дэмнээд явах учиртай. Тэгж байж л тодорхой хэмжээнд амжилтад хүрнэ. Яг үнэндээ сүүлийн 20 жилийг харахад хэт их улстөржилт давамгайлсан нь талцал, хуваагдлыг бий болгож, бүтэмжтэй байгаад нь саад тотгор хийн унагаж, нураасаар ирсэн. Энэ нь өнгөн дээрээ иргэдийн төлөө гэж байгаа ч үнэн хэрэгтээ эсрэг үйлдэл, үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ л хөгжихгүй, улам бүр ухраад байгаа.

-Гэхдээ одоо бол харьцан­­гуй зөв голь­­диролдоо орж магадгүй гэсэн хандлага бий болж байх шиг. Өөрөөр хэлбэл, саяхан өргөн баригдсан Хариуцлагын тухай хуу­­лийн төсөлд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах зэргээр заасан байсан. Тэгэхээр асуудалд хаа, хаана аа ул суурьтай хандаж эхлэх байх?

-Ерөнхийлөгч УИХ-ын хаалттай хуралдаан дээр үг хэлж байх үед би нэг зүйлийг бодож байсан.

-Юун тухай?

-Ганц хүн улс эх орныхоо төлөө, харин чуулганы танхимд байгаа 76 хүн нь эсрэг ажиллаад байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр үг хэлж, нийгэмд тийм дүр зураг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, ганц хун, 76 хар хэрээ улсын үйл ажиллагаанд гар бие оролцож доройтуулж байна ойлгогдохоор байсан.

-Хариуцлагын талаар чамбайхан шаард­­лага тав­ьж эхлэхээр дургүйцэж байгаа юм уу?

-Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийг би хүлээж авна. Зөв зүйтэй зүйл, заалт олон бий. Угаасаа нийгэмд хүлээгдэж байгаа нь ч үнэн. Гэхдээ парламентын 76 гишүүн дунд хариуцлагын тогтолцоог бий болгоосой, сис­­темийн гаж­­уудлыг засах­­сан, тог­­тол­­цооны өөрчлөлтийг хийхсэн, үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаасай, ард иргэд жинхэнэ төлөөллийн ардчилалаар санал өгдөг, булхай луйваргүй байгаасай гэх зэргээр бодож, үүний төлөө хууль тогтоох түвшинд орж ажиллаж байгаа олон хүн бий. Тэр хүмүүсийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл ч зөндөө. Тэдгээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл шиг шууд хэлэлцэгдээд, автоматаар батлагдаад, хэрэгжих шатанд очиж байгаа эсэхийг анхаарах хэрэг­­тэй. үнэхээр бид­­ний боловсруулсан төслүүд Ерөнхийлөг­­чийнх шиг яв­даг бол нөгөө л мөрийн хөтөлбөр, хийж, хэрэгжүүлэх ажилтай шууд уялдаад явах давуу талтай.

-Ерөнхийлөг­­чийн санаачил­­сан хуу­лийн төс­­лийг ногоон гэрлээр явуулаад байна гэсэн үг үү?

-Уг нь хууль боловсруулах эрх нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд болон Засгийн газарт хадгалагддаг. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд боловсруулах, батлах үе шатандаа ногоон гэрлээр л яваад байгаа. Бусад буюу гишүүдийнх, Засгийн газрынх тийм дардан байдаггүй. Унаж, гацаж, маш их цаг алддаг. Тийм байтал Ерөнхийлөгч л ганцаараа улсынхаа төлөө зүтгэж, арга ядахдаа хариуцлагын талаар ярихаас аргагүй болж байгаа мэт сэтгэгдэл, мессежийг нийгэмд төрүүлж болохгүй. Шударга байцгаая л даа.


Эх сурвалж: