sonin.mn

ХХАА-н сайд Р.Бурмааг улаанбуудайн импортын гурван сая ам.долларын ашгаас хүртэх гэж тариаланчдаа хөсөр хаяхаар болов уу гэж өнгөрсөн хугацаанд дээр, дооргүй л ярьцгаасан. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн сарын 30-ны өдөр эрх мэдэлтнүүд 20 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас оруулж ирэх гэрээ хэлцэл хийчихсэнд байгаа юм. Тиймээс л энэхүү их хэмжээний улаанбуудай манай улсад орж ирснээр хэн гэгч эрхэм, ямар эрх мэдэлтнүүд 15 сая ам.доллараас ашиг хүртэхийн тулд ийнхүү улайран зүтгэх болов гэж тариланчид хардах болоод байгаа юм.


Тэгвэл 15 сая ам.долларын улаанбуудай Монгол Улсад орж ирснээр хэнд ашигтай юм бол гэдгийг өчүүхэн би бээр бодоод олохгүй байгаа юм. За яах вэ, бодоод оллоо гэж бодъё. Мэдээж үүн дээр жирийн нэг Дорж, Дулмаа нар биш төрийн дээд албан тушаал хашиж буй хүмүүс л хамааралтай болчихоод байгаа юм.

Үүнийг ч тариаланчид ил тод олон нийтийн өмнө мэдээлсээр байгаа. Товчхондоо бол дотоодоосоо харамлаж, гадныханд өгч буй улаанбуудайн мөнгө олон хүний арааны шүлсийг асгаж савируулснаас болж өнгөрсөн хугацаанд улаанбуудайны импортын талаарх хэрүүл тэмцэл дуусахаа болиод байгаа юм. Яг үнэндээ ардчиллын эхний үед хөдөө аж ахуйн салбар төрийн дэмжлэггүй, тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгэл зүй бэлтгэгдээгүйгээс болж уналтад орж байсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл, тариаланчид тариагаа тарьж чадахгүй хүчин мөхөстөж, төрийн дэмжлэггүй болж унахад Монголын зах зээлийг Орос, Хятадын улаан буудай эзэлж байсан үе бий. Энэ нь 1990-2007 он хүртэл 17 жилийн турш тариаланчид дээрх хоёр орны гурилтай тулалдаж өнөөдрийн амжилтад хүрсэн гэж хэлж болно.

Тиймээс одоо импортоор ОХУ-аас 20 мянган тонн улаанбуудай ороод ирвэл дотооддоо тариална гэдэг ойлголт цаашид алга болох аюултай юм. Товчхондоо 20 мянган тонн буудайг импортоор оруулж ирвэл ХХАА-н талд баримтлах бодлого алдагдана гэж зарим эдийн засагч хэлж байсан. Энэ бүх буруутай шийдвэрүүдээс болж үндсэндээ газар тариалангийн салбар унах аюулд ороод байгааг салбар яамны холбогдох хүмүүс мэдэж байгаа ч үүнийгээ ил гаргаж тавих зориг зүрх хүрэхгүй байна гэж ч хэлж байсан юм. Тиймээс бид энэ жил гурилын үнэ нэмэгдэхэд нэг их гайхаад байхааргүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай улс стратегийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг гаднаас оруулж ирээд сурчихлаа. Уг нь бид дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагш нь экспортлох хүчин чадал манайд бүрэн бий гэдгийг тариланчид ч хэлж байсан юм.

Л.Цандэлэг: Гуравхан сая ам. долларын ашиг олохын тулд ингэж улайрч болохгүй

Монголын үр тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг, “Ийм хуйвалдааныг “Улаанбаатар гурил” зэрэг цөөн хэдэн компанийн лоббигоор хийж байна. үүнд нь төрийн албан хаагчид татагдан оролцож биднийг хохирооход хүрлээ. Оросоос импортоор гурил, улаан буудай оруулахад үнийн зөрүү их бага. Гэхдээ 15 сая долларын нийлүүлэлтээс тэд ойролцоогоор гурван сая долларын ашиг олно. Иймээс энэ ашгийнхаа төлөө л дарга нартай хуйвалдаан хийж байгаа байх.

Ний нуугүй хэлэхэд үүний ард ганцхан л хүн бий. Тэр бол “Таван богд”-ын Ц.Баатарсайхан. Энэ нөхөр салбарын шинэ сайд ирэх бүрт лоббиддог. Энэ бол ээлжит нэг оролдлого нь. Гэхдээ уг оролдлого бүтэлтэй болчихлоо. Ямартай ч оруулж ирэхээр юмаа хийчихсэн байна. Оросын улаанбуудай манайхаас 20-30 хувийн хямд байх шиг байгаа юм. 3-4 сая ам.долларын ашиг олохын тулд газар тариаланчдаа зөнд нь хаяж бүхэл бүтэн салбарыг дампууруулж байна. Мөнгө байхгүй гэчихээд, тариаланчдаас авсан улаанбуудайныхаа мөнгийг өгөөгүй байж иймхэн ашгийн хойноос хөөцөлдөж болохгүй” гэв.

Ямартай ч энэ оны тариалалт их л бүрхэг байх бололтой. Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 20 тэрбум төгрөгийг гурил үйлдвэрлэгчид нь авчихсан тухай ч ярьж байсан юм. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан биш гурил үйлдвэрлэгчдийг дэмжих сан болсон гэж тариаланчид хэлж байсан юм.

Уг нь өнгөрсөн намаржингаа л тариалан эрхлэгч компаниуд Оросоос 50 мянган тонн орчим улаанбуудай, гурил импортоор оруулж ирэхийг эсэргүүцэж байсан ч энэ удаа дахин ийм асуудал гарч ирсэн нь энэ. Гэхдээ одоогоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хойд хөршөөс импортлох 20 мянган тонн улаанбуудайн асуудлыг түр хойшлуулсан байгаа. Харин түүний энэхүү хойшлуулах болсон шалтгаан нь гэвэл борлуулагдаагүй байгаа улаанбуудайн чанар, гурил үйлдвэрлэх стандартад тохирох эсэхийг мэргэжлийн хүмүүст үүрэг болгон ийнхүү хойшлуулсан юм.


Харин тариаланчдын хэлж буйгаар гурил үйлдвэрлэгчид тариалан эрхлэгчдээ нам цохиж унагахын тулд башир арга хэрэглэн хор найруулж буй талаар ярьж байсан. Энэ нь “Манай дотоодын улаан будайн чанар тааруу” гэсэн мессежийг нисгэсэн аж. Уг нь лабораторийн шинжилгээгээр дотоодын улаанбуудайн чанар бүгд сайн дүнтэй гарсан гэж байгаа юм. Цардуул, цавуулаг нь стандартын шаардлагад нийцэж байхад Оросоос импортлохын тулд тиймэрхүү хоржоонтой яриаг тарааж байгаа аж.

Гэхдээ л яаж ч бодсон улсынхаа хэрэгцээг бүрэн хангаад, цаана нь илүү гарах хэмжээний их улаанбуудай хурааж авчихаад хойд хөршөөс ийнхүү 11.5 тонн гурил, 20 мянган тонн улаанбуудай, нийт дүнгээрээ 15 сая ам.долларын импорт хийвэл дотоодын үйлдвэрлэгчдээс шууд л хиншүү хярвас үнэртэх нь ойлгомжтой.
Тэгээд ч тариланчид одоо болтол урьд нь нийлүүлсэн улаанбуудайныхаа мөнгийг авч чадаагүй байгаа гэсэн. Иймэрхүү байдал цааш үргэлжилвэл ирэх жил, түүний дараагийн жилд ч улаанбуудай тариалах боломжгүй болж мэдэх аюул нүүрлээд байна.

Ц.Отгонбаатар: 20 мянган тонн улаанбуудайг нэн яаралтай оруулж ирэх шаардлатай

Энэ асуудлаар “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Отгонбаатар ямар байр суурьтай байгааг сонссон юм. Тэрбээр “Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард бид улаанбуудай оруулж ирэх гэтэл газар тариалан эрхлэгчдийн зүгээс “Ургацаа хураатал импортоор буудай оруулж ирэхгүй байх” хүсэлт тавьсан. Тиймээс бид захиалчихсан байсан вагоноо буцааж, бүх эрсдлээ өөрсдөө үүрсэн. Тиймээс одоо ОХУ-аас татах 20 мянган тонн улаанбуудайг нэн яаралтай оруулж ирэх шаардлага тулгараад байгаа. Учир нь ОХУ-ын тал ирэх сарын 1-нээс хойш экспортын татвараа 56 ам.доллараар нэмэх шийдвэрт хүрсэн. Хэрвээ татвар нэмэгдвэл хэрэглэгчдэд очих гурилын үнэ нэмэгдэж очино гэсэн үг. Одоогоор ОХУ-ын улаанбуудайн экспортын үнэ нэг тонн тутамд 200 ам.доллар байгаа. Харин ирэх сарын 1-нээс хойш 256 ам.доллар болно гэсэн үг.


Эх сурвалж: