sonin.mn

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны Форум 2015 оны анхны хуралдаан энэ сарын 20-нд Вена хотноо болж байна.Форумыг даргалах нээлтийн хуралдаанд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс Форумыг даргалах хугацаандаа баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулсан байна. Тэдгээрийн хүрээнд Украины хямралыг энхийн замаар зохицуулах, олон улсын терроризмтой тэмцэх, цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг олон улсын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэх юм.

Энэ 2015 онд Дэлхийн 2 дугаар дайн дууссаны 70 жил, Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаясны 70 жил, НҮБ байгуулагдсаны 70 жил, ЕАБХАБ-ын үндсэн баримт бичиг болох Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийг баталсны 40 жил зэрэг олон тэмдэглэлт ой тохиож байгаа тул тэдгээр нь Форумын үйл ажиллагаанд тусгалаа олох болно. Мөн Азийн орны хувьд Монгол Улс Азийн түнш орнуудтай хамтран ажиллах асуудалд онцгой ач холбогдол өгөхөө тэмдэглэн, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлцээг санаачлан эхлүүлээд байгаагаа мэдээлж, эл чиглэлээр цаашид явуулах үйл ажиллагаанд ЕАБХАБ-ын 40 жилийн туршлага, сургамж чухал тус дэм үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 Хуралдаанд үг хэлж оролцсон төлөөлөгчид Монгол Улс Форумыг даргалж байгаад баяр хүргэн өөрсдийн зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Аюулгүй байдлын хамтын ажиллагааны Форум нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг, улс төрийн чиглэлээр нь авч хэлэлцдэг ЕАБХАБ-ын бүтцийн үндсэн нэгж юм. Монгол Улс 2015 оны эхний 4 сарын хугацаанд Форумын даргаар ажиллана.

 ЕАБХАБ нь Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага юм. Бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнүүдээр авч үздэг.

 Монгол Улс 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Азийн тав дахь түнш улс болсон.2012 оны 12 дугаар сард Ирландын Дублин хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр уулзалтаар (2012 оны 11 дүгээр сарын 21-нээс) оролцогч орон буюу бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон юм.

 

Эх сурвалж: