sonin.mn

САНАА. /ВВС/. Лалын шиит босогчид Йемений ерөнхийлөгчийн ордныг хяналтдаа авчээ. Босогчид лалын шиитүүдийг илүү эрхтэй болгохыг шаардаж байна. Тэд шинэ Үндсэн хуулийн төслийн улмаас засгийн газартайгаа зөрчилдөж, санал зөрөлдөөнтэй байгаа аж.

Зэвсэгт босогчид даваа даваа гарагт төрийн өмчийн телевизийн байраа булаан эзэлж, засгийн газрын ордныг бүсэлжээ. Мягмар гарагт босогчдын бүлэглэл Йемений ерөнхийлөгчийн ордон болон Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадийн хувийн өргөөнд халдсан байна. Тус улсын хэвлэл, мэдээллийн олон хэрэгслийн мэдээлж буйгаар, босогчид ерөнхийлөгчийн ордонд халдаж, түүний хувийн өргөөнд халдахдаа хоёр хүнийг хөнөөжээ.

“The Associated Press” агентлаг Йемений засгийн газрын эх сурвалжаас иш татан “Ерөнхийлөгч Хади шархдаж, гэмтэж бэртээгүй. Гэхдээ түүний хаана байгаа нь тодорхойгүй байна” гэж мэдээллээ. Йемений Засгийн газар энэ халдлагыг “төрийн эргэлт” хийсэн хэрэг гэж буруушааж байна.

Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн байранд болсон халдлагад холбоотой болохоо мэдэгдсэн, “Аль-Каида” бүлэглэлийн харьяа лалын хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийн түшиц газар нь Йемен юм. Йемений байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор хэт давруу үзэлтнүүд ажиллагаагаа идэвхжүүлэх магадлалтай байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: