sonin.mn


Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа энэ үед хавтгайрсан халамжаас татгалзахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Хасна, танана, бууруулна гэдгийг томилогдсон цагаасаа хойш хэлж байгаа тэрбээр “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно. Түүнээс цааш олгохгүй. Энэ шалгуураар одонгийн мөнгө авах эхчүүдийн талыг нь хасч 19.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой” гэсэн.

Эл асуудал нийгмийг нэлээдгүй бухимдуулсан юм. Одонтой эхчүүд ч эсэргүүцэж, Ерөнхий сайдын гар утас болон албан ёсны фэйсбүүк хуудас руу нь олон мянган мессеж илгээсэн байдаг. “Алдарт эх”-ийн I одонтой 12 хүүхэд төрүүлж өсгөсөн Архангай аймгийн иргэн Ж.Долгорсүрэн хэлэхдээ “Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг дэмжиж, олон хүүхэд төрүүлж, өсгөснийхөө төлөө төрөөс хүртэж байгаа хишиг хэмээн одонгийн мөнгийг бодож авдаг. Гэтэл жилд ганцхан удаа олгодог 100, 200 мянган төгрөгийг хасна гэж ярьж байдаг. Хэрэв хасах шийдвэр гаргавал Ч.Сайханбилэг сайд эхчүүдээс одонгоо хурааж авах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа үед хямралаас гарах янз бүрийн гарц хайж байгаа нь зөв. Гэхдээ эхийн одонгийн мөнгийг хасч болохгүйг хатуу хэлмээр байна” гэв.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Алдарт эх”-ийн I, II одонгоор шагнаж, мөнгөн урамшуулал олгож эхлээд гурван жил гаруйн хугацааг үджээ. 4-6 хүүхэдтэй бол II зэргийн, зургаагаас дээш бол I зэргийн одон олгодог. Энэ онд нийт 211 мянган одонтой эхэд 29.9 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор хуульд тусгасан байдаг. Гэвч Ерөнхий сайд дээрх мөнгөнөөс танана гэж мэдэгдсэн нь эхчүүдийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.

Тиймдээ ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдтэй өчигдөр уулзаж, санал бодлоо солилцлоо. Орон нутгаас ирсэн болон нийслэлд амьдарч буй 100 гаруй одонтой эхчүүд цугласан байв.

Ингээд УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Эхийн алдар одонгийн мөнгийг хасахгүй, төсөвт суулгахаар боллоо гэж байсан. Гэтэл таныг энэ асуудлаар улс төр хийгээд байна хэмээн шүүмжлэх хүн байна. Үүнд та тайлбар өгнө үү?

-Эхийн алдар одонгийн мөнгөнөөс болж Монгол Улсын эдийн засаг хямраагүй. Тиймээс бие даагчдын зөвлөлөөс хүүхэд, одонтой эхчүүд болон нийгмийн халамжийн мөнгийг хасах юм бол Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барина гэдгийг Ерөнхий сайдад мэдэгдсэн. Үүнээс хойш МАН, АН-ын бүлэг бидний байр суурийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийж байгаа. Гэхдээ энэ асуудлыг УИХ-аар батлаагүй байгаа. Тиймээс бодит байдлыг УИХ-д хүргэхээр одонтой эхчүүдтэй уулзалт хийж байна. Гэтэл намайг хүмүүсийн өмнөөс ярьж, популизм хийж байна хэмээн элдэв нэр хоч зүүлгээд байх юм.

-Энд цугларсан эхчүүдийн ихэнх нь тэтгэврийн зээлтэй гэж байна. Тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг олон ээж хэллээ. Үүнийг шийдэх боломж нь хэр байгаа бол?

-Уул уурхайгаас авах ёстой мөнгөө авч, улс төрийн албан тушаалтныг цөөрүүлж чадахгүй байж бид эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг хасахаар ярьж байна. Бид Ерөнхий сайдаас энэ мөнгийг гуйгаагүй. Уул уурхайн баялгаа ашиглаад иргэдийнхээ амьдралыг сайн сайхан байлгаж, баталгаатай нийгэмд амьдруулмаар байгаа юм. Хэрэв бид уул уурхайгаа зөв ашиглаж чадвал тэтгэвэр, тэтгэмж нэмэх бол асуудал биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр нэмэх боломжийг эрх баригчид л гаргах ёстой. Харин тэд гаргаж чадахгүй байна.

-Тэтгэврийн зээлийн хүү ахмадуудад нэлээд дарамт болдог гэж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-“Банкны шударга хүү” хөдөлгөөнийг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн өрнүүлсэн. Ирэх өдрүүдээс миний зөвлөхөөр ажиллаж буй н.Зоригтбаатар, Монголын ахмадын холбоотой хамтраад “Банкны шударга хүү” хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх гэж байна. Бид банкны зээлийн хүү буутал тэмцэнэ. Үүний дараа баг эмч, хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн цалингийн зээлийн хүүг буулгана.

Уулзалтад орон нутгаас ирсэн одонтой эхчүүд олон байсан юм. Тэдний сэтгэгдлийг сонслоо.

С.Юмчинлхам: Тэтгэврийн зээлийн хүү нь их өндөр байна

Би зургаан хүүхэд төрүүлсэн. “Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой. Одонгийн мөнгийг хасна гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн саналыг эсэргүүцэж байна. Үүнд эхчүүд нэлээд бухимдалтай шүүмжлэлтэй хандсан. Одоо болохоор хуучин хэвээр  нь олгох асуудлыг ярьж эхэллээ. Бид олон хүүхэд төрүүлж, өсгөн улсад хийх ёстой ажлаа хийсэн. Гэтэл тэтгэвэр гэж цөөхөн хэдэн төгрөг авдаг. Тэтгэврийн зээл авахад хүү нь их өндөр байна. Үүнд Засгийн газар анхаарал хандуулах шаардлагатай.

Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын иргэн А.Одончимэг: Одонгийн мөнгөөр жилийнхээ хэрэгцээний хувцсыг авдаг ээж олон

Баянхонгор аймгийн 150 мянга гаруй одонтой эхийг төлөөлж энэ хуралд оролцож байна. “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг жилд ганц удаа өгдөг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон цагаасаа иргэдийнхээ халаасыг тэмтрэх асуудлыг ярьж эхэлсэн.

“Алдарт эх”-ийн одонтой хэрнээ хүүхэд нь бас одон авчихсан хүмүүст мөнгө олгохгүй талаар ярилаа. Энэ бол буруу. Харин эсрэгээрээ хүүхдүүд нь тусдаа гарсан, ганцаараа амьдардаг ээжүүдэд энэ мөнгө үнэхээр хэрэгтэй. Одонгийнхоо мөнгөөр жилийнхээ хэрэгцээний өмсөх хувцсыг авдаг ээжүүд орон нутагт олон бий. Гэтэл энэ мөнгийг хасна гэвэл төр үнэхээр харгис шийдвэр гаргаж байгаагийн илрэл юм.

Мөн Монголын төрд олон мянган төрийн албан хаагч ажилладаг. Энэ хүмүүс ажил хийснийхээ төлөө цалин, тэтгэвэр, ээлжийн амралтын мөнгө авдаг. Тэгвэл ээжүүд бид адилхан Монголын төрд хүн гэдэг бүтээгдэхүүнийг нийлүүлж өгч байна. Бидний нийлүүлж өгсөн хүн төр, засагт ажиллаж, татвар төлөөд явдаг. Тиймээс бид одонгийн мөнгө авах эрхтэй.
 
Баянзүрх дүүргийн III хорооны иргэн Д.Долгор: Амьдралын баталгаатай байсан бол бид ингэж тэмцэхгүй

“Ерөнхий сайд өмнөх Засгийн үед хүүхэд нь 18 нас хүрэхэд одонгийн мөнгийг олгохгүй байх хуулийн зохицуулалттай байсан. Үүний дагуу эрх зүйн зохицуулалтыг хийнэ гэж ярьж байна лээ. Гэтэл хуучин нийгмийн үед иргэдийнх нь амьдрал баталгаатай. Хүүхдээ сайн хүмүүжүүлж, сайн сургаад их сургуульд ороход төлбөрт нь санаа зовдоггүй байлаа. Ийм эрс тэрс нийгмийн үеийг уялдуулах гэхээр зөрчил үүсээд байгаа юм шүү дээ. Амьдралын баталгаатай байсан бол өнөөдөр энэ хэдэн цаасны төлөө ингэж тэмцэхгүй шүү дээ. Үүнийг бодох ухаан Ерөнхий сайдад бий байлгүй дээ" хэмээн ярилаа.

С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн"