sonin.mn

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Коммунист намын дээд албан тушаалтан зургаан хүний цалинг 62 хувиар нэмэхээр болжээ. Си даргын сарын 7020 юанийн үндсэн цалинг 11385 юань буюу 1832 доллар болгон нэмж байгааг улсынх нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Тус улс мөн төрийн албан хаагчдынхаа цалинг 2006 оноос хойш анх удаа энэ оны 10 дугаар сараас нэмэхээр болсон байна. БНХАУ авлигатай тэмцэхийн зэрэгцээ бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр шийджээ.

Ингэснээр тус улсын хамгийн доод албан тушаал хашдаг төрийн албан хаагчид 1320 юань буюу 212 долларын цалин авах аж. Гэхдээ Си Зиньпиний жилийн 22 мянга орчим долларын цалинг бусад улсын ерөнхийлөгч нарынхтай харьцуулахад хамаагүй бага хэвээр байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн жилийн үндсэн цалин нь 400 мянган доллар юм. Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун нь дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдагч ажээ. Түүний жилийн үндсэн цалин нь 1,8 сая доллар гэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: