sonin.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/, Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/ хамтран өнөөдөр Төрийн ордонд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон бусад албаны хүмүүс оролцож, хуулийн төслийн талаарх байр сууриа илэрхийлэв. УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн шинж чанартай, ажиллагсдын нийгмийн баталгааг түлхүү тусгасан онцлогтой. Гэсэн хэдий ч жижиг аж ахуйн нэгж, байгууллага, албан бус секторт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байсаар байна. Ялангуяа хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт ажиллагсдын дийлэнх нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ тэр болгон байгуулдаггүйгээс Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй үзэгдэл түгээмэл байдаг. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааг явцуу утгаар буюу хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулж байгаагаас хамрах хүрээ хязгаарлагдмал, жижиг аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс хөдөлмөрийн харилцаанд асуудал үүссэн тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль тогтоомж үйлчлэхээр зохицуулах, ажил олгогч, ажилтны эрх, үүргийг оновчтой болгох, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн асуудлаа ажил олгогчтой зөвшилцөж шийдвэрлэх нөхцлийг бий болгох, хөдөлмөрийн маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зэрэг асуудлууд чухлаар тавигдаж байна” гэв.


Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ манай улсын эдийн  засаг, нийгмийн харилцаа түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байгааг тодотгоод хуулийн тусгах шинэчлэлтийн талаар “Хөдөлмөрийн хуулийг 1999 онд баталсан. Түүнээс хойш нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд нэлээд өөрчлөлт орлоо. Тухайн үед төрийн оролцоо их, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан үе. Өнөөдөр нийт эдийн засагт хувийн хэвшлийнхэн, түүний дотор жижиг дунд үйлдвэрлэгчдийн эзлэх хувь хэмжээ өндөр болсон. Үүнтэй холбоотой уг хуулийг шинэчлэх шаардлага зайлшгүй байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэй холбоотой, ялангуяа хамтын гэрээ хэлэлцээрийг хэрхэн зохион байгуулах, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох гэх зэрэг маш олон тулгамдсан асуудал нийгэмд байна. Мөн өмнөх хуулиар зохицуулагдахгүй маш олон харилцаа бий болсон байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар хөгжсөнтэй холбоотой зарим зохицуулалтыг хуулинд тусгах шаардлага байна. Түүнчлэн хувийн хэвшилд ажиллагсадын ур чадвараас хамаарч цалинжуулдаг байх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид ажиллаж байгаа монгол ажилтан гадаад ажилтантай адил хэмжээтэй хөдөлмөрийн хөлс авдаг байх гэх зэрэг асуудлыг зохицуулах шаардлага байна. Мөн өнөөгийн үйлчилж буй хуулиар жирэмсний амралттай байгаа эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөө авдаг. Энэ хугацаанд хүүхдээ харж буй эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлдөг байх зэрэг шинэ зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа” хэмээн ярьсан юм.

Шинэчилсэн хуулийн төсөл 13 бүлэг, 128 зүйлтэй. Тухайлбал, ажилтан ажлаасаа гарахаар өргөдөл өгснөөс хойш 30 хоног өнгөрвөл ажлын байраа орхих эрхтэй байсныг 14 хоног болгох, хүүхэд асрах чөлөөг эх эцэгт төдийгүй өвөө эмээ нарт олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд эрх тэгш оролцуулах зэрэг зүйл заалтыг тусгажээ  Хөдөлмөрийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөрийн яамны веб сайтад байрлуулж, цахим хэлэлцүүлгийг энэ оны 2 дугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар салбарын яам ажиллаж байгаа юм байна.
 

Б.Туул

Эх сурвалж: