sonin.mn

БНАСАУ-ын нийслэл хотод болсон тус улсын Засгийн газар, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагуудын хамтарсан хуралд оролцогсод бүх солонгосчуудыг уриалсан тунхаг баталжээ. “Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулахын тулд бүх асуудлыг шийдэхэд Пхеньян бэлэн байна” гэж тунхагт дурдсан байна. Тунхагт тэмдэглэж буйгаар, Өмнөд болон Умард “утга учиргүй хэлэлцүүлэгт цаг зав, эрч хүчээ дэмий гарздах хэрэггүй. Үүний оронд “тасалдсан харилцаа холбоог сэргээж, Солонгос үндэстний нэгдмэл байдал, давуу талыг дэлхий нийтэд харуулахын тулд соёл, спорт зэрэг бусад салбарт харилцаагаа сайжруулах нь” зайлшгүй чухал юм.

Үүнийг Солонгосын хойг хуваагдсаны 70 жил, Солонгосын дайн эхэлсний 65 жил тохиож буй чухам энэ жил хийх нь чухал гэж баримт бичигт дурджээ. Тунхагт мөн “Өмнөд болон Умардын харилцаанд эрс өөрчлөлт хийхэд” дэмжлэг үзүүлэхийг Өмнөд Солонгосын намуудад болон олон нийтийн байгууллагуудад уриалсан байна. Үүний сацуу “энэ үйл явцыг саатуулах алхам хийхээс зайлсхийхийг” тэдэнд зөвлөжээ. Хурлын үеэр Солонгосын хойгийн Өмнөд болон Умард хэсгийг Ким Жөн Уны шинэ жилийн мэндчилгээнд тодорхойлсон зарчмын үндсэн дээр бие даан нэгтгэх арга замыг хэлэлцжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: