sonin.mn

Монгол Улс бол бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй мянга мянган жилийн уламжлалтай улс гүрэн. Бэлчээрийн мал аж ахуйн нэг онцлог нь усны тунгалаг, өвсний соргогийг дагаж нүүдэг онцлогтой. Хаана ус байна тэндээ очиж айлсаж бөөгнөрдөг. Сүүлийн үед бэлчээр хувьчлах тухай яригдаж байгаа. Энэ их буруу зүйл юм. Хэн илүү мэдээлэлд ойр, албан тушаалтай нь гол ус, булаг шандаа хашиж авчихаад бусдыгаа усгүйдүүлэх сөрөг дагавар гарна.

Усгүйднэ гэдэг хэр их гамшиг болохыг манай малчид маш сайн мэднэ. Гол усаа булаацалдсан хэрүүл, зодоон цаашилбал иргэд, малчид хоорондын дажин дэгдэнэ шүү гэдгийг л бид анхаарах ёстой!

Сумдад бэлчээр усыг нутгийн малчдадаа эзэмшүүлэх эрх зүйн тогтолцоог л бий болгох хэрэгтэй. Сум болон багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ хэний өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан бэ гэдгийг нарийн зааглаж, тодорхойлж тодорхой төлбөр авч малчдыг үүрэг хариуцлагатай болгох хэрэгтэй. Төр үүрэгжүүлж байна гэдэг нөгөө талаар хамгаалж байна гэсэн утгатай эрх зүйн тогтолцоо юм.

Норвеги улс гэхэд бэлчээрийн цаа бугын аж ахуй эрхэлдэг Саме (цаатан) үндэстэн амьдардаг Финнмарк аймагтаа бэлчээр нь Төрийн мэдлийнх байх жишээтэй. Бэлчээр хувьчлаад өгчихвөл арилжаа, наймааны асуудал мөн босно шүү гэдгийг бид хатуу ойлгох хэрэгтэй байна. Иргэддээ бүгдэд нь газар өмчлөлийн адилхан боломж олгоно гэсэн мөртлөө нэг хэсэг нь тал, хөндийгөөр нь газар авч байхад заримд нь нэг өрхийн 0.07 га газар нь ч олдохгүй хуулийг завхруулсан бодит байдалтай байхад бэлчээр хувьчилбал жинхэнэ сүйрэл авчирна.

1990 оноос хойш эхний 15 жилд бид өмнөх нийгмийн үед бий болгосон үйлдвэр, бүтээн байгуулалтаа хувьчлал хэмээн залгиж чадсан бол сүүлийн арван жилд эцэг өвгөдөөс өвлөж ирсэн баялаг, орд газруудаа залгиж эхлээд байна. Гэтэл одоо бэлчээр усаа хувьчилна гэж муйхарлах болсон нь жинхэнэ аюулын харанга дэлдэж эхэллээ.
Үйлдвэргүй болоод зах дээр эсвэл гудамжинд гарсан Монголчууд бид баялаг болон бэлчээр, усгүй болчихвол эх оронгүй болно гэсэн үг.

Тэгвэл бид хаачих вэ гэдэг асуудал сэтгэл зовниулж байна. Өнөөдөр Монгол Улсад маань уламжпалт бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэх тал дээр ер дорвитой бодлого тавихгүй юм. Өргөн уудам бэлчээрт жилийн дөрвөн улиралдаа ээлжлэн нүүж ирсэн манай уламжлалт мал аж ахуй маань маш хямд бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэдэг онцлогтой.

Дахин жишээ хэлэхэд бэлчээрээр таргалсан төрөл бүрийн малын мах гэхэд дэлхийд өндөр үнэтэй хүнсэнд тооцогдож байна. Норвеги улсад жил бүр дэлхийн хүмүүсийн анхаарлыг татдаг Нобелийн Энхтайваны шагнал олгодог. Жил бүрийн хүндэтгэлийн зоог нь буга, цаа бугын махаар бэлтгэгддэг. Энэ нь өндөр үнэтэй хүнсэнд тооцогдож дээдлэгддэг.

Нэг л өдөр энэ хүндэтгэлийн зоог Монгол хонины шарсан, жигнэсэн махаар бэлтгэгдэж болно. Үүний тулд бид өөрсдөө хичээж, сурталчилж, ач холбогдлыг нь өндөрсгөж ажиллах ёстой юм. Мал аж ахуйгаа голж, орхигдуулж уул уурхай, алт нүүрс, хүнд үйлдвэр, төмөр зам, олон тэрбум доллар ярьсаар өдийг хүрлээ. Одоо өрөнд орж “Шилсэн юм шил хазна” гэдэг шиг улстөрчид олноор бий боллоо.

Мал аж ахуйн шинжлэх ухаан нь:
1. Малын үржуүлэг-селекци,
2. Малын тэжээллэг гэсэн үндсэн 2 харилцан уялдаатай хэсгээс бүтдэг.

Үндсэн энэ хоёр хэсгээ дээд зэргээр шинжлэх ухаанжуулж чадвал манай мал аж ахуй эрчимжиж байна гэсэн үг юм. Тэрнээс байранд оруулчихаар эрчимждэг, бэлчээрт байхаар эрчимждэггүй гэсэн үг биш. Байранд оруулчихвал бүтээгдэхүүний өртөг өндөрсөнө гэдгийг л бид сайн тооцоолохгүй байна. Уламжлалт мал аж ахуйгаа яаж эрчимжүүлэх вэ гэвэл,

Нэгдүгээрт: Малын үржүүлэг-селекцийн бодлого. Малыг шилэн сонгох хөгжлийн бодлогоо зөв гаргаж тавих хэрэгтэй байна. Адуу, тэмээнээс бусад төрлийн малд хээлтүүлэгчийг (бух, хуц, ухна) хувь малчид сонгож тавихгүй байх хуультай болмоор байна. Үнэт шинжийг агуулсан эр тугал, ишиг, хургаа Үржлийн төвд мэдэгдэж илгээдэг болъё! Үржлийн төвийг аймаг, бүсээр бий болгоё. Энэ төвүүдэд ирсэн эр төлнүүдээс дээд зэргийн шимт чанар агуулсан, мянгаас 10 хээлтүүлэгчийг үлдээж үрийг нь авч үржилд ашиглая.

Монгол үүлдэрийн малаа ингэж дотор нь чанаржуулах л бодлого чухал байна. Өсөлт, хөгжилт сайтай, эрүүл чийрэг, төлөрхөг чанар өндөртэй Монгол үүлдэрийн малаа чанаржуулж баталгаажуулах шаардлагатай байна.

Хоёрдугаарт: Тэжээл үйлдвэрлэлийн бодлогоо сайжруулж, бэлчээр болон өвлийн нөөц хадлан тэжээл зэргээ дан уурагт ургамал болгох хэрэгтэй байна. Царгас бол манай улсын малын гол тэжээл. Олон наст царгасыг бэлчээрийн болон хадпан тэжээлийн гол ургамал болгон тарих, бэлчээрийн бүтцэд нэмэх, бэлчээрийг баяжуулах, сайжруулах том бодлого тавъя.

Ингэж чадвал хээлтэгч малаа 11-р сараас 5-р сар хүртэл заавал нэмэлт тэжээлээр өдөр бүр тэжээх горимд хуульчлан шилжүүлье. Өвөлжих малын тоонд хатуу журам, хяналт тогтоох хэрэгтэй байна. Хээлтэгч малыг өвөл, хаврын улиралд нэмэлт тэжээлээр тэжээх нь мал аж ахуйн эрчимжилтийн гол түлхүүр юм. Намрын жинг өвөл, хавартаа хадгалж чадвал гарах төл өсөлт хөгжилт жигдэрч, давжаарах аюул алга болно.

Хамгийн гол нь нэг хээлтэгчээс ихэр төл авах бүрэн боломж бий болох юм. Хээлтэгч малыг арчилгаа маллагаа, тэжээллэгийн сайн нөхцөлд оруулбал төлөрхөг чанар нэмэгдэх боломжтой. Энэ хоёр том бодлогыг бид хэрэгжүүлж чадвал нүүдлийн уламжлалт мал аж ахуй маань эрчимжин, үр өгөөж нь нэмэгдэж малчид маань аж ахуйтан (фермер) болон хувирна гэсэн үг юм.

Сум, аймаг, бүсээр хамтран ажиллах Хоршооллын тогтолцоонд шилжиж, малчдыг өөрөө өөрсдөөр нь хөгжүүлбэл бусад орны ХАА-н хямд түүхий эд бэлтгэгч байдлаасаа бид гарч чадна. Мал аж ахуй маань улс орны хөгжилд мөнгө нийлүүлдэг, мөнгө үйлдвэрлэдэг салбар болон хөгжинө. Голох биш бодлогожих хэрэгтэй байна.

Норвегийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эрдэм шинжилгээний ажилтан, Доктор М.Найданхүү
Эх сурвалж: "Монголын хөдөө"