sonin.mn

БРЮССЕЛЬ. /Sputnik/. ОХУ-д чиглэсэн хориг арга хэмжээний бодлогоо Европын холбоо Минскийн гэрээний хэрэгжилтээс хамаарч өөрчлөх бөгөөд ОХУ-тай ЕХ нээлттэй яриа хэлцээ хийхэд бэлэн байна гэж тус холбооны гадаад бодлого хариуцсан тэргүүн Федерика Могерини АНУ-ын нийслэл Вашингтон хотын “Брукинг” хүрээлэнд болж буй форумын үеэр мэдэгдсэн байна. Хориг арга хэмжээ бол уян хатан арга хэрэгсэл бөгөөд Украины зүүн нутгийн байдал сайжрах эсэхээс хамааран түүнийг чангаруулж эсвэл суллаж болно гэж Могерини мэдэгдэв.

Украины хямрал намжих эсэх нь Минскийн гэрээний хэрэгжилтээс хамаарах ба олзлогсдыг солилцох арга хэмжээнд л ахиц дэвшил гарч байна гэж тэрбээр мэдэгдсэн байна. ОХУ болон ЕХ зөвхөн Украины хямралтай холбоотой яриа хэлцээ хийгээд зогсохгүй терроризмтой тэмцэх, Ираны цөмийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлаар хэлэлцэх боломжтойг Могерини цохон тэмдэглэжээ.

Энэ түвшинд харилцаа холбоо хэзээ ч тасрахгүй гэж тэрбээр мэдэгдэв. Украины хямрал эхэлмэгц ЕХ болон ОХУ-ын харилцаа муудаж эхэлсэн. Учир Украины дотоод асуудалд оролцлоо хэмээн ОХУ-ыг ЕХ буруушаасан боловч Орос Украины асуудалд оролцоогүйгээ удаа дараа мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга