sonin.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардлагагүй гэж Засгийн газар үзэн дээрх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм байна.

Тиймээс “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж заасныг “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж буй юм байна. Төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байв. Энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд энэ өдөр гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Зоригт, энэ хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа сайжирч, ард түмэн ч илүү ил тод мэдээлэлтэй болно хэмээсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Оюун нар, энэ салбарт хууль хангалттай бий. Одоо хуулиа хэрэгжүүлж, ажлаа хийх л хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.