sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чех улсад сурч, ажиллаж,амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзав. 2014 оны эхний сарын байдлаар 5311 иргэн Бүгд Найрамдах Чех улсад амьдарч байгаа юм байна. Судалгаанаас харахад 2008 онд 13000 орчим, 2010 онд 5000 орчим, 2012 онд 4500 орчим Монголчууд Чех улсад амьдарч байсан тоо байдаг аж. БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд таван оюутан Чех Улсад суралцаж байна. Энэ онд гурван оюутан сурах юм байна. 1955 оноос хойш 300 гаруй хүн БНЧУ-д дээд боловсрол эзэмшсэн. Мөн гуч орчим хүн эрдмийн зэрэг хамгаалжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтанд  хүрэлцэн ирсэн Монголчууддаа удахгүй гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байгаа сайхан мэдээг дуулгаж, Монгол Чех хоёр улсын хооронд нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах гэрээг боловсруулах судалгааны ажлын хэсэг байгуулагдаж байгааг онцоллоо. Энэхүү гэрээ хийгдвэл тухайн улсад амьдарч байгаа Монгол иргэдийн хувьд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд томоохон ахиц болох юм.

Чех улсын талаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа 20 орчим Монгол иргэнийг  эх нутагт нь буцаах асуудлыг тавьж байгааг ч мөн хэллээ.  Уулзалтад Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож яамны зүгээс бодлогын хүрээнд  хийж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч дурсгалын зураг авахуулж,иргэдийн санал хүсэлтийг сонслоо.