sonin.mn

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр Засгийн газрын 1111 төвд ажиллахад нийт 200 гаруй иргэн хандаж, сонирхсон асуудлаараа хариулт авлаа. Шууд ярилцлагын эхэнд сайд С.Чинзориг, “Хөдөлмөрийн яам байгуулагдаад 3 жилийн хугацаа өнгөрч байна. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж тус яаманд байсан жижиг, дунд үйлдвэрийн бодлого, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Аж үйлдвэрийн яаманд шилжсэн. Бусад бодлогын хувьд өмнөх Засгийн газрын Хөдөлмөрийн сайдын хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа” гэлээ. 

Энэ үеэр Хөдөлмөрийн сайдад хандаж иргэд 2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр амжилттай өндөрлөсөн эсэх, Хөдөлмөрийн хуулийг хэрхэн шинэчлэх гэж байгаа, МСҮТ-ыг шинэчлэх хүрээнд ямар бодлого баримталж байгаа гэх зэрэг асуудлыг тодруулсан. Сайд С.Чинзориг, "Засгийн газар хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрт хариуцлагатай оролцож 23 зүйлийг хэлэлцээрт тусгалаа. Гурван талын хэлэлцээр бол зөвхөн төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудал биш нийт ажиллагсдын нийгмийн баталгаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг авч хэлэлцдэг хэлэлцээр. Энэ жилийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцсэний зэрэгцээ хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг тусгасан” гэв.

Мөн өнгөрсөн онд зөвхөн барилгын салбарын ослоор 21 хүн амь насаа алдсан тул үйлдвэрлэлийн осол гэмтлийг бууруулах хүрээнд хариуцлагын тогтолцоог чангатгах, амь насаа алдсан, гэмтэж бэртсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох хуулинд тусгахаар салбарын яам ажиллаж байгааг сайд хэллээ.

Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 79 МСҮТ-ийг төрөлжүүлэх, зарим мэргэжлийн ангийг 2.5 жилээр бус эрчимжүүлсэн богино хугацааны сургалтад шилжүүлэх, төгсөгчид нь өөртөө ажлын байр гаргаж байгаа тохиолдолд хөнгөлөлттэй зээл олгодог байх, шаардлагатай тоног төхөөрөмж болон хямд өртөгтэй ажлын байраар хангадаг байх зэрэг дэмжлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ оюутны цагийн ажлын асуудлыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэх чигтэй байгааг сонирхсон залуус цөөнгүй байв. Тэрбээр, “Оюутны үндсэн үүрэг нь сурах. Сурахад нь саад болохгүйгээр ажиллах нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. Долоо хоногт 20 цагаар ажиллах бололцоотой гэж үзэж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Ажлын байр олдохгүй байна гэсэн иргэдийн асуултад “Өнгөрсөн онд 90 мянган хүний ажлын байрны захиалга ирсэн. Үүний 50 хувьд нь зуучлал явуулсан байдаг. Энэ нь ажилд зуучлалын тогтолцоог боловсронгуй болгох, нөгөөтэйгүүр ажилд горилогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлага байна гэж үзлээ” гэсэн бол "Малчдын хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт оруулах уу" гэсэн асуултад сайд “Малчдын хөдөлмөр бол онцлогтой хөдөлмөр. Ажлын цаг урттай, гадаа орчинд ихэнх цаг нь өнгөрдөг, биеийн хүчээр хийх хөдөлмөр ихтэй гэсэн дүгнэлтийг хариуцсан ажлын хэсгээс гаргасан.

Энэ дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Засгийн газраас тодорхой чиглэл өгвөл дараагийн шатны асуудал яригдана” гэсэн юм. Өөр нэг онцолж ярьсан асуудал бол ялгамжтай цалин хөлсний асуудал байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа гадаад ажилтан болон монгол ажилтны цалин хөлсний зөрөөтэй байдлыг Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах замаар адил хөдөлмөр эрхлэж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин хөлс олгох асуудлыг хуульчлахаар шийдсэн гэдгийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг онцоллоо.

Б.Туул

Эх сурвалж: