sonin.mn

Сүүлийн үед Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар УИХ-ын гишүүн гэгдэхээсээ илүүтэй “популист” гэсэн тодотголтой болчихоод л гүйгээд байгаа. Өнөөдөр популист гэгдсэн хүмүүсийг хорлонтой үгээр утаж, зугаагаа гаргаж суудаг их нийтлэлчийг Сангийн сайд байхад тогтвортой байдлын гэрээ байгуулж, эхний таван жил Монгол Улсад ямар ч татвар төлөхгүй жаатай тохиролцоо хийж дөнгөсөн канад эзэд татваргүй хугацаандаа 43 тонн алт ухаад авчихсан гашуун үнэн бий. Харин “Бороо гоулд” нэрээ “Сентерра гоулд” болгочихоод одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг бас л стратегийн ордод хамруулахад ганцхан алхам дутуу байгаа тэдгээр ноёд ангийн нөхөддөө гоочуулсаар байгаа өнөө хэдэн популистуудыг доогтой нүдээр харж, нулимж яваа.

Хүннүгийн үеийн ноёдын 210 гаруй булш, бунхныг агуулсан Ноён уулын Сүжигтийн ам нь Гацууртын ордоос ойролцоогоор таван км зайтай гэгдэж байгаа ч 50-70 тонн алтны нөөцтэй энэ ордын ашиглалтын талбай 2300 га газрыг хамарч байгаа учир хойшид ашиглалтын талбай нэмэгдэх нь тодорхой.

Уул уурхайн сайд Р.Жигжидийн зүтгүүлж байгаагаар ойролцоогоор 9-10 жил ашиглах Гацууртын ордоос татвараар 660 тэрбум төгрөг улсын төсөвт орж ирнэ гэж байгаа. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын хэмжээг 326 сая ам.доллараар тооцож, 70 тэрбум төгрөгийн ногдол ашиг олно хэмээн цээжээрээ хамгаалж байгаа. Тэгвэл дэлхийн зах зээл дээрх дундаж үнээр тооцвол нэг кг алт ойролцоогоор 31985 ам.доллар болж байна. Гацууртын ордын алтыг 50 тонноор тооцвол нэг тэрбум 599 сая, 250 мянган ам. доллар буюу өнөөдрийн ханшаар гурван их наяд 102 тэрбум 545 орчим сая төгрөгт хэлбэлзэх тооцоо гарч байгаа.

Зөвхөн энэ хялбарчилсан тооцооллоос харахад л бид Хүннүгийн үеийн мөнгөөр хэмжигдэшгүй түүх дурсгал, баялаг өвөө төнхүүлэхээс гадна хөрсөн дороо байгаа гурван их наяд гаруй төгрөгийн алт эрдэнэсийнхээ гуравны хоёрыг гадны хөрөнгө оруулагчдад найр тавин өгөхөөр зүтгэцгээж сууна. Харин түүнийг эсэргүүцсэн гишүүдийг популист буюу хоосон цэцэрхэгч, худлаа амлагч, ард олныг турхирч нэр хүндээ өсгөгчид хэмээн баалж, дээр дооргүй харааж зүхээд сууцгааж байгаа.

Үнэндээ өөрсдийнхөө тансаглал, хувааж идэж болох бүхний төлөө улайран зүтгэцгээж байгаа олонх нь популистууд уу, эх орныхоо бүх баялгийг эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам нэрээр хэдхэн жилийн дотор гадныханд ухаж төнхүүлээд алдаж хоосрохын эсрэг чадлаараа тэмцэж байгаа гурав дөрөвхөн нөхөр популист уу гэдгийг өнөөдрийн билэг танхай нийтлэгчид биш, ирээдүй хожмын үрс ялгаж салгах цаг ирэх нь дамжиггүй.

Гэхдээ жинхэнэ популистуудыг холоос хайх хэрэггүй санагдана. Жишээ нь Урт нэртэй хуулийг санаачлагчдын нэгэн хэмээгдэж, цагтаа Оюутолгойн гэрээний эсрэг чадлаараа хашхирч явсан нэгэн өнөөдөр “төрөл арилжчихаад” Гацууртын ордыг стратегийн ордоор батлуулахаар нойр хоолгүй шахам гүйж яваа Р.Жигжид сайдын ард мяраагаад сууж байгааг хүмүүс андахгүй. Ер нь тэгээд популистууд хаа сайгүй байгаа. Харин жинхэнэ эх орончид нь хэн бэ, хэн нь жинхэнэ “алиалагч” вэ гэдгийг цаг хугацааны шүүлтүүр л хамгийн сайн тодорхойлох нь ойлгомжтой.


Эх сурвалж: