sonin.mn

Манай улс төмөр замын дэд бүтцээ түшиглэсэн хоёрхон боомттой. Тодруулбал, Замын-үүд урд хөрштэйгээ, харин Алтанбулаг хойд хөрштэйгээ хил залган оршдгоороо ихээхэн онцлогтой. Өнгөрсөн жилүүдэд манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний ихэнх нь Алтанбулаг боомтоор дамждаг байсан. Тэгвэл энэ байдал арваад жилийн өмнө эрс өөрчлөгдөж Замын-үүд боомтоор дамжих болсон билээ. үүнийг дагаад тухайн орон нутгийн иргэдийн хөл, хөдөлгөөн өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Манай улсад уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын салбар эрчимтэй хөгжснөөр Хятад улсаас энэ төрлийн импортын бараа бүтээгдэхүүн авч ирэх нь нэмэгдсэн гэсэн үг.

Эдгээр барааны ихэнх нь төмөр замаар дамжин орж ирсэн гэдэг статистик тоо ч байгаа.Хэдийгээр тухайн орон нутагт амьдрал буцалж, Замын-үүд хөгжих бололцоо байгаа ч үүнд орон нутгийн удирдлагуудын санаачилга, чадвараас гадна төрийн бод­лого, зохиц­­уулалт зайлшгүй шаарадлагатай байна гэдгийг хэлэх гэсэн юм. Яг үнэндээ тус сумтай хаяа дэрлэсэн Эрээн хот өнөөдөр хөгжлийн ямархуу шатандаа явааг хүн бүхэн мэднэ. Гэтэл Замын-үүдэд хөгжих боломж нь байгаа ч төрийн дэмжлэг муутайгаас бахь байдгаараа байгаа нь харамсалтай. Харин ч аймаг, орон нутгийн удирдлагууд өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглан томоохон бүтээн байгуулалтын ажил хийж, нутгийн иргэдээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангахын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа нь олон хүнд ажиглагдсан байна билээ.Уг нь 20 мянган хүн амтай Замын-үүд сум яагаад хот болж, энэ статустайгаар үйл ажиллагаагаа явуулж болохгүй гэж гэсэн асуулт нутгийн иргэдийн хувьд байнгын тавигддаг юм билээ.

Тэд боломжоо харсан учраас ийн бие даасан хотын иргэд болохыг хүсдэг гэнэ. Тухайлбал, энэ оны долоодугаар сар гэхэд тус суманд дулааны цахилгаан станц, бохир ус зайлуулах станц, хог хаягдлыг ялгах үйлдвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр, 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 100 ортой нэгдсэн эмнэлэг, 150 хүүхдийн цэцэрлэг гээд маш олон бүтээн байгуулалтын ажил бэлэн болох юм. Эдгээр ажлыг сумын удирдлагууд ингэж хурдацтай хийж, гүйцэтгүүлсэн нь мэдээж бусад орон нутаг болон нийслэлээс чиглэх иргэдийн нүүдлийг татах гэсэн бодлого юм болов уу гэж ойлгогдохоор.

Бид тус сумын иргэдээс “Таван жилийн дараах Замын-үүдийн өнгө төрхийг хэрхэн төсөөлж байна” гэж асуухад “Хүн амын хувьд 2020 он гэхэд бараг 35 мянга хүрэх байх. Гэхдээ тэдэнд зорилсан нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн тулд нэлээд ажил хийгдэх хэрэгтэй болно. Бидний олж сонссоноор манай сумын төсөвт улсаас дөнгөж 583 сая төгрөг өгдөг гэсэн. Гэтэл зэргэлдээ орших зарим сум 2500 гаруйхан хүн амтай мөртлөө 350-400 сая орчим төгрөгийг авдаг. Хүн амынх нь тоог харгалзаад үзэхэд л асар их зөрүү гарч байгаа. Тэгэхээр хүн ам ихээр төвлөрсөн газартаа их хэмжээний мөнгийг орон нутгийн хөгжлийн санд нь суулгаж өгөх ёстой байтал ямар ч тэгш бус хувиарлалтаар улсаас мөнгө өгч байгаа нь арай дэндүү гэж хэлэх гээд байна л даа. Эрүүл хүний нүдээр харсан ч манай Замын-үүд сум чинь маш том боомттой газар учраас өдөрт хэдэн зуун машин, хэдэн мянган хүн орж гарч байдаг. Боомтоос олсон орлогыг сумын удирдлагууд улсын төсөвт л тушаадаг байлгүй. Бүхэл бүтэн улсын төсөвт орж ирэх ёстой ихэнх мөнгийг нь төвлөрүүлж өгч байхад яагаад 583 сая төгрөгийг л Замын-үүдэд өгч байгаа юм бол гэж төр, засгийн удирдлагуудаас асуумаар санагдаад байдаг юм. Ийм мөнгө төсөвлөж өгсөн мөртлөө манай сумыг Эрээнтэй харьцуулаад байдаг. Төр, засаг нь маш сайн дэмжиж ажилласны хүчинд Эрээн өнөөдөр хот шиг хот болчихоод байгаа юм. Энэ бүхнийг та бүхэн цааш нь сайн уламжилж өгөөрэй” гэв.

Энэ асуудлаар биднийг ярилцаж байхад маш олон иргэн бухимдлаа илэрхийлж байсан юм. Эдгээр иргэдийн үгийг бодох л ёстой. Учир нь есхөн километрийн зайтай оршдог БНХАУ-ын Эрээн хот, Монгол Улсын Замын-үүдийн боомт хоёр ёстой л өдөр, шөнө шиг ялгаатай байдаг нь бодит үнэн. Юутай ч 20 мянга орчим хүн амтай болсон Замын-үүд бүх асуудлаа дангаараа шийдээд явах бүрэн боломж нь бүрдчихсэн баймаар. Гэтэл тус сумынхан бусад сумын иргэдтэй яг л адилхан амьдарч байна. Уг нь бол худалдааны гол боомт болж буй сумын иргэдэд амьжир­­гаагаа залгуулах илүү давуу тал нь бий. Юутай ч бид хөгжил дэвшил гэж ярьсаар байгаад хятадуудад худал­дааны бод­­логоо алдчихлаа.Тиймээс л өнөөдөр Эрээн хот худалдааны бүс болон өргөжиж Замын-Үүдийн дэргэд хот шиг хот болчихоод биднийг дооглож сууна.


Эх сурвалж: