sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ыг шүүмжлэн” Манай улсын зүүн нутаг руу Москва хэдэн мянган цэрэг, хэдэн зуун танк илгээж байна” гэлээ. Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Порошенко үг хэлэхдээ ингэж шүүмжилсэн байна. Түүний хэлснээр, Оросын 9000 гаруй цэрэг, 500 гаруй танк болон хуягт тээврийн хэрэгсэл Украины зүүн нутагт байгаа ажээ.

“Хэрвээ ОХУ хилээ хааж, Украинаас бүх цэргээ татвал байдал тодорхой, тогтвортой болно” гэж Порошенко хэлсэн байна. Харин ОХУ энэ мэдэгдэлд үгүйсгэсэн хариу өглөө. Тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ, Украинаас нотлох баримт өгөхийг шаарджээ.

Лхагва гарагт Украины зүүн нутагт засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд байлдааны ажиллагаа үргэлжилсэн байна. Салан тусгаарлах үзэлтнүүдийн хэлснээр, Луганск мужид өчигдөр дөрвөн хүн амиа алдаж, найман хүн шархаджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: